ХЭРХЭН ЯАЖ ЕСҮСТЭЙ АДИЛ БАЙХ ТУХАЙ

ХЭРХЭН ЯАЖ ЕСҮСТЭЙ АДИЛ БАЙХ ТУХАЙ

Миний хувьд, Библид байдаг Иоханы тодорхой үгсийг олон жилийн турш биширч ирсэн юм. Иохан бичихдээ Есүс дэлхийд буцаж ирэхдээ бид Өөртэй нь адилхан болно, “...учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно”  гэсэн байна. (1 Иохан 3:2)
Элч Иоханаас би ингэж асуумаар байдаг юм. Бид Эзэнийг харахдаа Түүн шиг болно гэж та хэлсэн байна. Хэрэв тийм бол бид одоо Эзэнийг илүү их харах тусмаа Түүнтэй улам адил болно гэсэн үг мөн үү? гэж... Тийм ээ, би мэдэж байна, бид одоохондоо Есүсийг биеэт байдлаар хараагүй. Гэхдээ бид Түүнийг сүнслэг нүдээрээ хардаг, тэгж бид Түүнтэй адил болж байна.
Синай уулан дээр Мосед тохиосон зүйлийг та боддоо. Тэгэхэд Мосе Бурханаас алдраа харуулж өгөөч гэж гуйсан. Эзэн айлдахдаа “... Миний алдар өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, өнгөрөх хүртэлээ чамайг мутраараа халхална. Дараа нь Би мутраа авах бөгөөд чи Миний арыг харна. Харин Миний нүүр харагдахгүй” гэж хэлсэн байдаг. (Гэтлэл 33:20-23)
Ийм зүйл өөрт нь тохиосны дараа Мосе уулнаас бууж ирэхэд түүний нүүр царайнаас Бурханы алдар гэрэлтэж байсан юм. Тэр байтугай нүүр нь их гэрэлтэж байсан учраас Мосе нөмрөгөөр нүүрээ далдалжээ. Харин Эзэнтэй ярихаар Түүний оршихуйд орох бүрдээ Мосе тэр нөмрөгөө авч тавьдаг байлаа.
Тэр үйл явдлын талаар Паул бичихдээ “Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг” гэсэн байна. (2 Коринт 3:18)
Эзэнтэй адил болох нь гайхамшигтай хэрэг юм. Түүн шиг хайраар дүүрэн, тэвчээртэй, нигүүлсэнгүй болох нь гайхалтай хэрэг биш үү? Заримдаа бид өөрсдийнхөө оролдлогоор Есүстэй улам адил болох гэж хичээдэг. Бид Түүнийг хуулбарлах гэж мэрийдэг. Гэтэл юу гээч? Тэр бол бүтэхгүй. Бид үргэлж дутмаг байдаг.
Тийм учраас бид өөрсдийнхөө оролдлогоор Эзэн шиг болж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Гэхдээ бид анхаарлаа Түүн дээр төвлөрүүлж, залбирлаар Түүнтэй цагийг өнгөрүүлэх тусмаа, Түүний Үгийг унших бүртээ, Тэр биднийг Өөртэйгөө адил болгох өөрчлөлт рүү дөхөх болно.
Бас нэг ашиг тустай зүйлийг хэлж өгье: бидний амьдралаас Түүний дүр төрх тусаж харагдах юм бол бид бусад хүнийг Эзэнд улам илүү ойртуулах болно. Учир нь тэд биднээс тусаж харагдах Есүсийг харна. Түүний өмнө залбирч, Түүний үгийг судалж, Түүний замаар амьдрах нь амьдралын хамгийн том урам зориг юм шүү.