ЗАЛЬ МЭХТ БАРДАМ ЗАН

ЗАЛЬ МЭХТ БАРДАМ ЗАН

Март Де Хаан бардам занг тодорхойлохдоо “Агуу луйварчин. Муу ёрын сүнсийг хүртэл хуурч мэхэлж чадсан үнэхээр ухаалаг нэгэн” гэсэн. Тэр үүний тухай ингэж бичжээ “Тэр луйварчин огтхон ч мулгуу биш гэдгийг би сурсаар байна. Тэр бидэнд тал засна. Тэр бидэнд буулт хийнэ. Өөрийн ач холбогдлыг хэт үнэлсэн үзэл бодлыг бий болгоход биднийг өөгшүүлнэ. Үүний зэрэгцээ өөрийнхөө тухай сөрөг, өөрийгөө хөнөөх бодлуудыг бодуулна... Түүнд бүхий л тохиолдолд өмсөж болох малгай, бүхий л сэтгэл хөдлөлийг далдалж болох баг байдаг. Аливаа шийдвэр бүхэнд нөлөөлөх дуу хоолой түүнд бий. Тэр заримдаа ихэрхэж, заримдаа дорд болдог.” гэсэн байна. Их гоё дүрсэлсэн байгаа биз!
Бид аль нэг хэлбэрийн бардам зантай нүүр тулгарч амьдардаг. Бардамнах өөр шалтгаан байхгүй ч бидний зарим хүн үнэхээр даруу зантай гэдэгтээ бардам байх жишээтэй! Бардам зан үнэхээр их заль мэхийг төрүүлдэг.  Та заавал маш их ололт амжилтаар дүүрэн гэж бусдын өмнө барддаг.  Бид өөрсдийгөө бусад хүнтэй харьцуулахад, өөрсдийгөө тэднээс илүү дээр гэж бодоход бардам зан гэтэж гарч ирдэг.
Таны авьяас чадвар, бэлгүүд чинь юу болохыг мэддэг байх нь бардам зан биш. Та юу хийхдээ сайн гэдгээ мэдэх нь бардам зан биш. Тэдгээр чадварууд бол Эзэнээс өгсөн бэлэг юм. Энэ нь Түүний алдрын төлөө хэрэглэх зүйл юм.
Харин бид өөрсдийнхөө бэлгийг бусдынхтай харьцуулахад, тэднээс илүү зүйлийг бид хүртэх зохистой гэж бодоход бардам зан бий болдог. Март Де Хааны өгүүлснээс харах юм бол тэр үед бид өөрийнхөө ач холбогдлыг хэт үнэлсэн үзлийг бүрэлдүүлдэг юм.
Таныг харж мэдээгүй байхад бардам зан гэтэн ирэх боломжтой. Та өөрийнхөө эрэл хайгуулдаа жижигхэн амжилт гаргах төдийд л өөрийнхөө байгаагаас илүү онц сайн гэж өөрийгөө үнэлэх боломжтой. Тэгээд анзаараа ч үгүй байхдаа та хэдийнээ бардам болчихсон байна. Бардам байх нь их аюултай байр суурь шүү. Библийн Сургаалт үгс номонд “Сүйрлийн өмнө бардам зан. Уналтын өмнө ихэрхүү зан” гэсэн байна. (Сургаалт үгс 16:18)
Тийм ээ, “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг.” (Иаков 4:6). Өөрт чинь соёрхсон бэлэг, чадваруудын төлөө Бурханд талархаарай. Үүний зэрэгцээ бардам зан таны дотор гэтэж орох вий гэж сэрэмжлээрэй. Сургаалт үгс номонд хэлэхдээ “Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна. Дарууд мэргэн ухаан оршино” гэсэн байдаг юм. (Сургаалт үгс 11:2) Тиймээ Бурханы мэргэн ухаанаар удирдуулж бардам зангаасаа чөлөөлөгдөнө гэдэг бол уужуу ухаантай, урам зоригтой амьдрах эх үндэс юм шүү.