НИГҮҮЛСЭЛ

Паул Шинэ Гэрээний сүм чуулгануудад захидал бичихдээ олонх үед “Нигүүлсэл хийгээд амар амгалан ... байх болтугай” гэсэн мэндчилгээгээр эхэлдэг байсан. Библи заадаг багш Жи. Кембел Морган хэлэхдээ “Нигүүлсэл” гэдэг нь юуны түрүүнд Грек хэлнээ оюун ухааны, урлагийн үг байсан. Энэ үгэнд “муу муухайн эсрэг утга болох гоо үзэсгэлэн, өвчин эмгэгийн эсрэг утга болох эрүүл мэнд, замбараагүй байдлын эсрэг утга болох эмх цэгц, өөрөөр хэлбэл сайн сайхан бүхний ертөнц” гэсэн утга багтдаг байжээ.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ үг нь арай өөр утга илэрхийлэх болсон. Бурханы зүгээс эмх цэгц болон гоо сайхан энэ бүх зүйлийг бусдад соёрхох гэсэн хүсэл болон өглөгтэй холбоотой утгыг илэрхийлэх болсон. Эцсийн эцэст, Нигүүлсэл гэдэг үгийн туйлын утга санаа нь Шинэ Гэрээн дотор бүрэлдсэн юм. Нигүүлсэл гэдэг нь зүгээр л эмх цэгц, гоо үзэсгэлэн, хайраар дүүрэн байдал байгаад зогсохгүй. Бас эдгээр бэлгийг бусдад өгөх хүсэл сэтгэл юм. Харин Нигүүлсэл гэдэг нь тэрхүү хүслийг биелүүлэх үйлдэл гэж хэлж болно. Морган бичихдээ Нигүүлсэл “бол эцсийн байдлаар, Бурханы хувьд таатай гэсэн бүхий л зүйлийг нүгэлтэй эрчүүд болон эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох Түүний үйл ажиллагаа” гэсэн байна.
Тиймээс, Нигүүлсэл юуны өмнө бол эмх цэгцтэй болон гоо сайхан бүхий л зүйлс мөн. Тэгээд тэр зүйлсийг бидэнд өгөх Бурханы хүсэлтэй холбоотой үг юм. Эцсийн эцэст үүнийг боломжтой болгодог Бурханы үйлдэл юм шүү.
Үүнийг ингэж бодож болно: Нялх хүүхэд анх төрөхөд түүний эцэг эх тэр бяцхан үрээ хараад түүнтэйгээ хуваалцах гайхамшигтай амьдралын мөч бүрийг хүсэн мөрөөддөг.
Тэд хамтдаа гадуур зугаалж, явган аялал хийж, спорт тоглоом тоглохдоо ямар хөгжилтэй байх тухай, бас гэр бүлээрээ амьдрах бусад бүх баяр хөөртэй мөчийг хүсэн мөрөөддөг. Тэд жаахан үрдээ хайртай учраас өөрсдийнх нь зүрх сэтгэлд байгаа амьдрал, аз жаргалаасаа түүнтэй хуваалцахыг тэд тэсэн ядан хүлээж суудаг. Тийм учраас ийм өглөг бол алба үүрэг биш, харин баяртайгаар өгөх чин сэтгэл юм.
Тэгвэл Бурхан үүнээс өөр гэж үү? Тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх хайрынхаа улмаас биднийг сүнсний хувьд баян болгосон юм. Паул  бичихдээ “Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг ... та нар мэдэх билээ” гэсэн байна. (2 Коринт 8:9)
Бурханы Нигүүлсэл гэж энэ юм. Бид түүнийг авах гавьяа байгуулаагүй. Гэхдээ энэ нигүүлсэл танд ямар ч үнэгүйгээр ирсэн юм. Тиймээс яг одоо та түр зогсоод “Баярлалаа, Эзэн” гэж хэлээрэй. Энэ бол амар амгаланг өгөгч гайхалтай урам зориг юм.