БУРХАНТАЙ СҮЛЖЭЭ НЭГ БАЙХ

БУРХАНТАЙ СҮЛЖЭЭ НЭГ БАЙХ

Миний тархи хэзээ ч унтардаггүй гэдгийг би саяхан эргэцүүлэхэд хүрсэн юм. Би үргэлж юм бодож явдгаа анзаараад тэгж бодсон. Хэрэв би юм бодохгүй байхыг хичээвэл, би юм бодохгүй байгаа тухай боддог. Би нэг зүйлд гайхаж явдаг л даа. Библид 1 Тесалоник 5:17 дээр бидэнд зааварчилсан ёсоор бид “тасралтгүй залбирахын” тулд Бурхан бидний тархийг хэзээ ч унтрахгүй байхаар бүтээсэн юм. Залбирдаггүй байлаа гэхэд ядаж бүхий л өдрийн туршид бодол санаагаа Бурхан дээр төвлөрүүлэхийн тулд тархийг маань тэгж бүтээсэн болов уу? Түүнээс биш өдрийн эхэнд, бас өдрийн төгсгөлд Бурханыг бодчихоод, дундуур нь унтарсан мэт байхаар бүтээгээгүй гэж бодож байна. Хэрэв миний бодож байгаа зүйл үнэн бол одоогоор миний тархины ихэнх энерги нь чухал бус зүйлд зарцуулагдаж байна гэдгийг би ухаарлаа. Бурхан намайг бүтээхдээ Өөртэй нь аливаа цаг мөчид нөхөрлөх чадамжийг надад өгсөн. Гэтэл би тэрхүү чадамжаа ер нь ашиглаж байна уу? Ашиглаж болох юмуу ашиглах ёстой хэмжээнд төдийлөн ашиглаж чадахгүй байна даа.
Ямар агуу завшаан бэ! Надтай холбоотой, бас миний хайрладаг бүхэнтэй холбоотой аливаа бүх зүйлийг тээгээд би Бурханы оршихуйд нэвтрэн орох боломжтой юм. Библид бидэнд “Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё” (Еврей 4:16) гэж зааварчилсан байна.
Гэтэл бидний олонх хүн зөвхөн юм авахыг хүсэхдээ залбирдаг нь харамсалтай. Гэвч залбирал бүхэн бидний хүссэн зүйлийг Бурханаас гуйх гуйлт байх ёсгүй гэж би боддог.
Миний өөрийн хүүхдүүд зөвхөн юм гуйх гэж над руу утсаар залгахад, эсвэл намайг дуудахад би дургүй гэдгээ би мэддэг. Тэгвэл Бурханд ч гэсэн тийм санагддаг болов уу гэж би эргэцүүлдэг.  
Заримдаа бидний залбирлууд яг л Эзэнд зориулсан хайрын захидал шиг байх учиртай. Бусад цагт бид залбирахдаа Бурхантай нөхөрлөх, анд бололцох үйлийг хийх ёстой. Зүгээр л Түүний оршихуйд суугаад, Түүнийг таалан хүртэж, сонсох нь хангалттай. Бас зарим үед бид нүүрээ өөд өргөн Түүнийг магтан, Түүнд талархах учиртай.
Миний хувьд тасралтгүйгээр залбирах мөчид би Бурхантай “сүлжээ нэг” байдгаа мэдэрдэг.  Өөрөөр хэлбэл, аливаа цаг мөчид би Түүнд хүрч чаддаг, Тэр бас надад хүрч чаддаг байна гэсэн үг юм. Бурханы интернетийн сүлжээ хэзээ ч муудаж, алдагддаггүйд та баярлахгүй байна гэж үү! Угаасаа хүн бид юм бодохоо зогсоож чадахгүй шүү дээ. Тэгвэл тэрхүү харилцах сүлжээнийхээ чадамжаа Тэнгэрлэг Эцэгтэй харилцаатай байхад илүү ихээр хэрэглэцгээе. Ингэвэл таны амьдралын сүлжээг Бурхан гайхалтайгаар удирдах болно. Энэ бол амьдралаас авах гайхалтай урам зориг юм шүү.