АМЬДРАЛЫН ХАМГИЙН ОРГИЛ ҮЕД

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ОРГИЛ ҮЕД

“Ахмад насны мөчүүд” гэдэг номондоо Виллард Шпийглман амьдралын тухай маш гутранги үзлийг илэрхийлжээ. “Бид дэлхийд ирэхдээ ганцаархнаа, уйлах дуунаар мэндэлдэг” гэж зохиогч бидэнд сануулжээ. Тэгснээ нэмж хэлэхдээ “Бид ганцаархнаа оршин байсаар эцэст нь мөнхийн анир чимээгүйтэй ганцаархнаа нүүр тулдаг. Харин хөгжил цэнгэл, бүхий л таашаал болон адал явдал энэ хоёр цэгийн хооронд оршино” гэсэн байна.
Амьдралыг харах ямар гунигтай үзэл вэ! Шпийглманы хэлснээр, энэ дэлхий дээр амьд байх далаас ерэн жилийн хугацаан дотроос олж авч чадах цэнгэл таашаал бол танд үлдэх бүхий л зүйл болно. Тэгээд бүх юм дуусна.
Тэгвэл амьдралын талаарх тэр үзлийг элч Паулын үзэлтэй харьцуулаад үз дээ. Паул хэлэхдээ “Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог” гэсэн байна. (Ром 8:18)
Библи дотор “эцэст нь мөнхийн анир чимээгүйд орно” гэж дурдсан үг байхгүй. Харин Өөрт нь итгэлээ даатгаж өгдөг хүмүүст хандаж Есүс хэлэхдээ “Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан.
Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно” гэсэн байдаг. (Иохан 14:1-3) Найдвар тээх болон найдвар үгүй байх энэ хоёр хандлагын ялгаа нь Есүс Христтэй харилцах харилцаа юм. Библийн зарим судлаачид Есүсийг тэнгэр диваажингийн тухай ярихаас илүүтэй тамын тухай айлдсан гэж онцолдог. Паул энэ тухайд хэлэхдээ, Есүс дэлхийд эргэн ирэх үед Бурханыг таньж мэдээгүй, бидний Эзэн Есүсийн сайн мэдээнд дуулгаварлаагүй хүмүүсийг “мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална” гэжээ. (2 Тесалоник 1:7-9) Энэ юутай эмгэнэлтэй вэ!
Гэхдээ яг одоо та итгэлээ Есүст даатгаад, амьдралаа Түүний мутарт өгснөөр диваажин дахь мөнхийн ирээдүйгээ баталгаажуулж болно. Та Түүнийг нэгэнт таньж мэдсэн бол амьдралынхаа хамгийн оргил үед хүрэх болно. Тэгээд зогсохгүй, бүхий л мөнх хугацааны турш Түүний оршихуйд тааламжтайгаар байх боломжийг олно. Энэ бол амьдралын гайхамшигтай урам зориг юм шүү.