ТАНД АМАР ТАЙВАН ХЭРЭГТЭЙ ЮУ?

ТАНД АМАР ТАЙВАН ХЭРЭГТЭЙ ЮУ?

Та нэг зүйлийг анзаарсан уу? Гэрт чинь байгаа ямар нэг зүйлийг өдөр бүхэн харсаар байгаад удахгүй та тэр зүйлийг анзаарахаа ч больдог. Миний нөхөрт ийм нэг зүйл тохиолдож байсан юм. Түүний бичгийн ширээн дээр компьютерынх нь дэлгэцийн хажууд нэг гуулин пайз байгааг тэр олж харсан юм. Пайзан дээрх үг юу байсан гээч? Элч Паулын Колоссай хотынхонд бичсэн захидлаас авсан эшлэл тэнд бичээстэй байв. “Христийн амар тайван зүрхийг чинь захираг!” (Колоссай 3:15)
Энэ пайз хаанаас гараад ирсэнд их гайхсан миний нөхөр Харолд түүнийг аваад илүү нүдэнд тусах газар тавив. Хэдэн өдрийн дараа нөхөр маань гэрийн хана руу харснаа түүн дээр нэг модон хавтан хадаасан дээр өлгөөтэйг харжээ. Тэр модон хавтан нь нөгөө гуулин пайзнаас арай том хэмжээтэй, дундаа хатсан цавууны оромтой байв. Тэгээд нөхөр маань гэнэт ойлгосон гэсэн. Гуулин пайз өнөөх модон хавтан сууринаасаа салаад унасан байсныг мэджээ. Тэгээд бичгийн ширээн дээр нь салж унаад анхаарлынх нь голд орсон байна.
Тэгээд нөхөр маань пайзан дээр бичсэн үгийг анхааралтай тунгааж эхлэв. “Христийн амар тайван зүрхийг чинь захираг!” гэв үү? Үгүй дээ, амар тайван өөрийн эрхгүй бидний зүрхийг захирдаг юм биш. Харин та зөвшөөрч байж л захирдаг. Яг л амар тайван таны амьдралын хаалгыг тогшиж байгаатай адил. Гэтэл та санаа зовнил, зовсон сэтгэлээр хаалгаа даруулсан байдаг. Өөрийн тэмцэл болон өөрийн төлөвлөгөө зорилгуудыг тавилгууд мэт хаалганы дотор талд овоолсон байдаг. Яг л амар тайвныг цөмрөн орох гэсэн өстөн мэт оруулахгүй гэсэн юм шиг байдалтай адил.
Хэрэв та Амар тайвны Ханхүүд амьдралынхаа хяналтыг даатгаж өгвөл тэр үед л Бурханы амар тайван таны сэтгэлийг захирч чадна. Нөхөр Харолд маань амар тайвны замаас гажиж гарснаа яаж мэдсэн гээч? Түүний өмнө Бурханы хийлгэхээр хүссэнтэй нийцсэн маш олон зүйлс дэлгээстэй байдаг гэдгийг тэр мэддэг. Гэвч ямар нэг сатааруулах зүйл дундуур нь орж ирэхэд бидний олонхын адил нөхөр маань ч гэсэн тэвчээргүй болдог, заримдаа бүр цухалддаг гэдгээ олж харсан.
Хэн үнэндээ хяналтыг гартаа атгасан байна вэ? Бурхан уу? Эсвэл бидэнд тохиож буй нөхцөл байдал уу?
Тэр гуулин пайзыг модон суурин дээрээс нь салж унахыг Бурхан зөвшөөрсөн үгүйг би мэдэхгүй. Гэхдээ тэр пайз миний нөхрийн анхаарлын төвд орсныг би баттай мэднэ. Тэгээд чухал биш зүйлс өөрөөс нь амар тайвныг хулгайлан дээрэмдэж байгааг зөвшөөрч буй явдлыг нь тэр пайзан дээрх үг нөхөрт маань зааж, түүнийг залруулж өгсөн.
Тийм ээ, Христийн амар тайванд зүрх сэтгэлээ захируулах нь бидний гаргах шийдвэр мөн. Энэ бол бидний хийх сонголт билээ. Энэ тухай бодож үзээрэй.