БУРХАН ТЭДНИЙГ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮЙСТЭЙ БҮТЭЭВ

БУРХАН ТЭДНИЙГ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮЙСТЭЙ БҮТЭЭВ

Нэгэн эхнэр ингэж залбирчээ,
Хайрт Эзэн минь, би нөхрөө ойлгох мэргэн ухааныг гуйж байна,
Түүнийг уучлах хайрыг гуйж байна,
Мөн түүний сэтгэл хөдлөлийг тэвчих тэвчээрийг гуйж байна.
Учир нь Эзэн минь, хэрэв би хүч чадлыг гуйсан бол
Магадгүй түүнийг үхтэл нь зодох байсан байх.
Энэ залбирлыг сонсоод бид инээлдсэн. Гэвч хэчнээн олон эхнэр гэрлэлтийнхээ асуудлуудыг яг тэгж шийдвэрлэхийг хүсэж байгаа бол гэж бодоод сүрдсэн.
Би та бүгдтэй эрчүүдийн талаар зарим нэг чухал гэх бодлоо хуваалцъя.
1. Эрчүүдийн аминч үзэл их эмзэгхэн байдаг. Тэд бидэнд мэдүүлэхийг хүсдэггүй ч тийм байдаг. Таны нөхөр магадгүй 2000 ажилчдыг удирддаг гүйцэтгэх захирал байж болно. Гэвч түүнд ч бас чадвартаа эргэлзэх цаг гэж бий. Түүний сайрхуу дүр төрх бол өөртөө итгэл дутуу байдлыг нь зүгээр л далдлах хэрэгсэл болдог.
2. Таны үгс нөхрийг чинь барьж босгох, аль эсвэл зүрхийг нь шархлуулах хүчтэй.
Яагаад бид нөхрүүддээ магтаалын үг хэлэхээс, тэдний давуу талыг онцлон ярихаас тэгтлээ цааргалдаг вэ? Магадгүй бид тэднийг биеэ тоох бий гэж айдаг болов уу? Гэвч үнэндээ, та нөхрийнхөө талаар их өндөр үнэлэмжтэй байдгийг мэдэх нь түүний хувьд их чухал.
3. Бэлгийн харьцаа бол нөхрийн чинь хувьд их чухал зүйл. Үүний нэг шалтгаан гэвэл аливаа гүйцэтгэл бол эрчүүдийн хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бүрдүүлдэг. Тиймээс орон дотроо гүйцэтгэл өндөр байх нь түүний өөрийгөө хүндлэх байдалтай шууд холбоотой.
4. Эрчүүд болон эмэгтэйчүүд асуудлыг өөр аргаар шийдвэрлэдэг. Та нөхөртэйгөө дөнгөж маргаад дуусаж байна гэж бодъё. Нөхөр чинь маргааны яаж дуусгахыг хүсэх вэ? Мэдээж бэлгийн харьцаагаар дуусгамаар байгаа байх. Харин эхнэр таны хүсдэг зүйл бол үнэн сэтгэлийн гэмшил, тэгээд бас “Ийм зүйл дахин болохгүй!” гэсэн амлалтыг та хүснэ. Тэгж хэлүүлэх хүртлээ та нөхөртэйгөө дотносох хүсэлгүй байна. Гэтэл бид гэрлэлт доторх нэг нэгнийхээ ондоо хэрэгцээг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Гэрлэлтийн талаар ярих болохоор миний хамгийн дуртай нэг ишлэл байдаг юм. Бид хүүхдүүдийгээ юм цээжлэх чадвартай болонгуут л тэдэнд энэ ишлэлийг цээжлүүлдэг. Энэ бол Ефес 4:32: “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.”  Гэсэн байна. Энэ гурван хандлага буюу энэрэл, зөөлөн сэтгэл болон уучлал нь бидний гэрлэлт дотор асар их нөлөөг үзүүлэх боломжтой. Хүнд хэцүү цагт Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандлага гаргахад туслах болтугай!