АЛДАА БҮТЭЛГҮЙТЭЛ БҮРЭЭ БУРХАНЫ ӨРГӨХ НЬ

АЛДАА БҮТЭЛГҮЙТЭЛ БҮРЭЭ БУРХАНЫ ӨРГӨХ НЬ

Памела ээжтэйгээ хэзээд харилцаа муутай байсан юм. Түүнийг их сургуульд орох үед ээжтэйгээ харилцах харилцаа нь бүр хурцдаж, тэр мөчөөс хойш түүний амьдрал улам дордсон юм. Памела амьдралаа дурсаж ингэж ярьжээ: “Бид хоёр дотносох гэж хичээсээр байх тусмаа нэг нэгнээ ахин дахин гомдоож шархлуулж л байв” гэсэн байна. Ээж болон охин хоёулаа буруудсан харилцаагаа сэргээх гэж чин сэтгэлээсээ хүсэж байжээ. Ингээд тэр хоёр хамтдаа машинаар аялж, харилцаагаа нөхөн сэргээж болох эсэхийг харахаар шийдсэн байна.
Эхлээд тэр хоёрын харилцаа нэлээд хурцадмал уур амьсгалтай байжээ. Гэхдээ тэр хоёр нэг цайны газар жаахан юм идэхээр орох үед Памела санаачлагыг гартаа авч ээждээ сэтгэлээ нээсэн байна. Ээжийгээ ямар ямар зүйл дээр гомдоож, юуны төлөө уучлалыг хүсэж байгаагаа тэрээр хэлжээ. Хачирхалтай нь ээж нь түүнд “Хайрт охин минь, би чамайг тэр бүхний чинь төлөө нэлээдгүй олон жилийн өмнө уучилсан шүү дээ. Чи зүгээр энэ бүгдээ өөрийн өлгүүрээс аваагүй, Бурханы өлгүүрт өлгөөгүй юм” гэсэн байна.
Гэм нүглээ өөрийнхөө өлгүүрээс авч, Бурханы өлгүүрт өлгөх нь их чухал. Энэ үгэн зураглал надад үнэхээр таалагддаг юм. Заримдаа бид Бурханаас алдаа эндлийнхээ төлөө уучлалыг хүсэн гуйдаг хирнээ хийсэн тэр зүйлийнхээ гэм бурууг өөрсдөө үүрсэн хэвээрээ л байдаг юм. Магадгүй бид үүнийг авбал зохих өөрийгөө шийтгэх шийтгэл гэж боддог байх. Гэтэл Бурхан хэзээ ч тийм байхаар сэдэж төлөвлөөгүй. Есүс айлдахдаа “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” гэсэн байна. (Матай 11:28) Тэр таныг ачаагаа өлгүүрээсээ аваад Өөрийнх нь өлгүүрт өлгөөрэй гэж хэлсэн.
Би хүүхэд байхдаа нэг хананд том үсгээр “Өнгөрснийг явуул, Бурханыг оруул” гэсэн уриа үг бичсэнийг харсан тухайгаа дурсан санадаг юм. Тэгвэл өнөөдөр та яг ийм зүйлийг хийх өдөр биш гэж үү? Бурханы уучлал өршөөлийг хүлээж аваад аливаа алдаа бүтэлгүйтлээ хаяж, Бурханд тэр бүхнээ даатгаж Түүгээр шийдвэрлүүлэх өдөр биш гэж үү? Өөрийн өлгүүр дэх ачаагаа аваад Бурханы өлгүүрт өлгөх өдөр биш гэж үү?
Тэр өдрийн хоол идэж байх зуураа Памелагийн ээж нь ч гэсэн хийсэн буруу зүйлээ охиндоо улайж, уучлалыг хүссэн байна. Үнэндээ Паммела ээжийгээ эрт дээр үед уучилсан боловч энэ тухайгаа ээждээ бас л хэлээгүй байжээ. Харин уучилсан тухайгаа хэлэх мөчид тэдний харилцаа гайхамшигтайгаар эдгэрч сэргэсэн юм. Яагаад хоорондоо таарч өгөхгүй байгаа бол доо гэж гайхаж өнгөрүүлсэн олон жилийн хямрал тэр мөчид юу ч үгүй болсон байна. Та ч гэсэн Бурханд өөрийнхөө өлгүүр дэх ачаагаа өгөөрэй. Тэгвэл та урам зоригоор дүүрэх болно.