ЭД БАЯЛГАА ТЭНГЭРТ УРЬДААР ЯВУУЛ

ЭД БАЯЛГАА ТЭНГЭРТ УРЬДААР ЯВУУЛ

Түүхэн шаструудаас уншвал Их Александр хаан өөрийн оршуулгын талаар онцгой зарлиг буулгаж байсныг мэдэж болно. Нас барсных нь дараа тухайн цагийн заншлаар занданшуулах ёслол хийхдээ гарыг нь тусгай тос шингээсэн даавуугаар ороохгүй байхыг тэр зарлигджээ. Тэр өөрийн гараа бусдад харуулахыг хүсэж байжээ. Гар нь хоосон болохыг бүх хүнд үзүүлэхийг зорьсон юм.
Дуулал номыг бичсэн хүн ингэж хэлжээ: “Хүн баяжиж, гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ай. Тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар ч араас нь явахгүй.” (Дуулал 49:16-17) Үнэхээр тийм шүү. Та үхэхдээ ямар ч юмыг авч явж чадахгүй. Гэхдээ та урьдаар юм явуулах боломжтой! Библид хэд хэдэн газар тэгж урьдаар юм явуулж болох тухай өгүүлжээ.
Есүс айлдахдаа “Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.” Гэсэн байна. (Матай 6:19-20)
Элч Паул залуухан номлогч Тимотод ийм нэг зааварчилгаа өгчээ: “Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа. Сайныг үйлд, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг.
Ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн суурь тавьж эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминаас зуурах юм.” (1 Тимот 6:17-19) гэсэн байна.
Жим Эллиот гэдэг авралын зар тараагч Эквадор улсын Аука индианчуудад Сайн Мэдээ хүргэж аваачиж байхдаа итгэлийн төлөө амиа алдсан юм. Тэр үхэхээсээ өмнө ингэж бичжээ: “Хүн хадгалах тусмаа олж авч чадахгүй мөртлөө Бурханд хэрэв өгвөл алдахгүй зүйлээ Бурханд даатгавал буруудахгүй” гэсэн байна. Бурханд өгч даатгасан ямар ч зүйл хэзээ ч алдагдахгүй.
Хэрэв бидний зарим хүн дэлхий дээрээс тэнгэрт аваачих эд баялагаа баглаж ачих байсан бол ачааны галт тэрэг ч дүүрэхээр их хөрөнгө болно. Харин бид тийм олон зүйл авч явахгүй болсондоо Бурханд талархацгаая. Учир нь гадаад руу гуравхан долоо хоногоор явахдаа ачаагаа баглахад хэцүү байдаг шүү дээ! Тэгвэл бид хөрөнгө эзэмшлээ урьдаар тэнгэрт явуулах боломжтой. Зүгээр л Бурхан энэ тухай бидний зүрхэнд ярих цагт тэр бүхнээ Бурханд өгөхөд л хангалттай юм.