СҮҮЛЧИЙН ЗООГ - БОДРОЛ 2

IV / 19

СҮҮЛЧИЙН ЗООГ - БОДРОЛ 2

Зургаан сар зурсан зургийг маань хэн нэгэн гурван секунд хараад ойлгохгүй өнгөрвөл зураач хүнд үүн шиг харамсалтай зүйл үгүй гэж дал мөрөө шүргэсэн ширүүн хар үстэй шөрмөслөг залуу эр шүүрс алдан хэллээ. Тэгээд будаг болсон гараа цагаан даавуунд үрж арчингаа “хамгийн анх зурсан зураг минь энэ. Сэргэн мандалтын үеийн оргил нь болсон Леонардо Да Винчигийн “Сүүлчийн оройн зоог”. Яагаад ч юм энэ зургийг л өөрийн гараар зурахсан гэж их хүссэн. Тэгээд л зурсан. Миний багад аав энэ зургийг хаанаас ч юм олж ирээд зочны өрөөний хөх будагтай хананд хадчихсан юм. Муухан хуулбар ч гэлээ хүйтэн өнгөтэй тэр ханыг дориухан амь оруулчихдаг байж билээ. Би ч үдэш болмогц ширтээд л суучихна. Арга ч байж уу дээ. Намайг тэднээс өөр тоож ярих хүн гэрт байдаггүй байсан юм. Би зураг дээрх хүмүүст бүгдэд нь нэр өгчхөөд л ганцаараа чанга чанга ярьдаг хүүхэд байлаа. Энд хүнээс гардаг сайн муу олон араншин ганцаардмал тэр жаахан хүүд маш тод харагддаг байсан юм. Хожим зурган дээрх хүмүүсийн талаарх үнэн түүхийг олж мэдээд хүүхдийн ариун зүрх сэтгэлээр Есүс гэх даруу дөлгөөн, эрх мэдэл бүхий хэрнээ бас над шиг ганцаардмал голд суугаа нэгнийг бусдаас нь ихэд өмөөрч хамгаалан тоглодог байснаа санасан. Тэгэхэд би амьдралдаа бараг анх удаа сэтгэл хангалуун инээмсэглэж үзсэн байх. Тэр бол миний хамгийн ихээр хүндэлдэг нэгэн байсан. Балчир хүүгийн төсөөллийн найз гэх үү дээ. Харин одоо бол миний дотны анд. Чи ч ойлгохгүй байх. Зүгээр л би Түүнд итгэдэг юм... Чи харж байна уу? Энд Есүсээс гадна яг арван хоёр хүн байгаа. Тэд бүгдээрээ Түүний нөхөд, дагалдагч шавь нар нь. Би сав л хийвэл энэ зузаан судрыг эргүүлж дахин дахин уншдаг юм. Яагаад гэвэл энд тэдний тухай бүх үнэн бичигдсэн. Тийм болохоор би энэ хүмүүсийн биеийн хэлэмж, дотоод сэтгэлдээ юу нуусныг бүгдийг нь хэлж чадна. Харин чамд ганцхан нууцыг нь задалъя. Алдарт Сүүлчийн оройн зоогийн ширээнд бусдаасаа нэлээд доор байрлалтай зурагдсан энэ нөхрийг Иудас гэдэг юм. Гэхдээ сайн харвал... Есүс, Иудас нарын нүүрийг нэг хүний царайнаас сэдэвлэн зурсан байдаг. Агуу их нууц нь л энд байгаа юм. Үнэхээр сор бүтээл шүү... Алдарт зураач маань алив хүний сайн муу, сайхан муухайг үүгээр илэрхийлсэн ч байж мэднэ. Дахиад цааш нь лавшруулан харъя. Мань хүн зоогийн ширээнд тун зохисгүй нэг зүйлийг гарынхаа алгыг хөлөртөл атгачихсан. Бас нэг л тавгүй бусдаасаа ихэд жижгэрчихсэн сууж байгаа биз. Гэм хийсэн хүн л нэг ийм байдаг даа. Яах аргагүй гэмтэн. Тэр бол өөрийн Эзэнийг гучин мөнгөн зоосоор худалдчихсан урвагч. Урвагчид л бусдад илчилэгдчих вий гэхээс яс нь хавталзаж, нүд нь гөлөлздөг юм. Гэхдээ хөөрхий эр, муу нэгэнд хорлогдчихсоныг Эзэн нь мэдэж байсан. Тиймдээ ч “Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн судрыг биелүүлэхийн тулд юм” хэмээн зөгнөсөн байдаг... Үнэхээр энд бичигдсэн бүхэн оргүй хоосон зүйл хэзээ ч байгаагүй. Өнөөдөр ч тийм л байна. Симоны хүү Искариотын Иудасын хувьд бол чөтгөрт хорлогдсон хөөрхийлөлтэй шунаг эр. Гэхдээ түүнд зүрх сэтгэл байсан уу гэвэл байсан. Тэр өөрийнх нь буруугаас Эзэн нь яллагдсаныг хараад тэвчилгүй, мөнөөх цусны үнэтэй мөнгөн зоосыг сүм дотор чулуудаж, дараа нь амиа хорлосон байдаг. Тэр бол хэдийнээ авралыг олж авсан нэгэн байсан шүү дээ. Гэтэл  өөрийг нь өөрөөс нь ч илүү хайрладаг Нэгэний хайр нигүүлслийг хүртэх ёсгүй гэж үзсэн учраас тэр амиа егүүтгэхийг өөртөө зохилтой хэмээн үзсэн. Энэ орой болох бүх үйл явдлыг Есүс мэдэж байсан. Гэсэн ч Тэр хайрлахаа хэзээ ч зогсоогоогүй. Бид ингэж чадна гэж үү. Хэн нэгэн өөрөөс нь урвахыг мэдсэн хэр нь түүнийг огт жигшиж зэвүүцэхгүй, бүр хайрлаж, уучилж чадна гэдэг энгийн нэг хүний хийж чадах зүйл биш. Мэдээж өөрийн амийг авч нас барсан хэн ч байлаа  түүнийг зөвтгөх ямар ч нөхцөл байдаггүй. Хэзээ үхэх нь Бурханы мэдлийн хэрэг бөгөөд Бурхан л өөрөө шийднэ. Гашуун ч гэсэн үнэн түүх бол энэ... Би зураач хүний хувьд хүмүүний огт ил харагддаггүй дотоод мөн чанарт нь нуугдсан тэдгээр өөдтэй, өөдгүй  дүр төрхийг илчилж зурахсан гэж хүсдэг. Тиймээс Сүүлчийн оройн зоог бол миний онгод... Зураач хүний жаргал гэдэг үнэхээр хэмжээлшгүй шүү. Өөрийнхөө бодолд хүмүүсийг амьдруулж би чадна. Харин яаж вэ гэдэг нь тэдний эрх чөлөө юм.  

Бичсэн: Х.Мягмарсүрэн