Тесалоник

Тесалоник бол Ромын харьяат Македони мужийн төв хот юм. Филлиппойгоос явсныхаа дараа Паул тэнд чуулган байгуулсан билээ. Гэвч иудейн шашныг сонирхож байсан тэндхийн еврей бус хүмүүсийн дунд Христийн тухай Паул амжилттай тунхагласан тул еврейчүүдийн дундаас атаархан эсэргүүцэгчид нэн даруй гарч иржээ. Улмаар Паул, Тесалоникийг орхихоос өөр аргагүй болж, Беройг зорьсон юм. Түүнийг Коринт хүрсний дараа хамтран зүтгэгч, дүү Тимот нь Тесалоник дахь чуулганы тухай мэдээ ирүүлсэн бөгөөд тесалоникчуудад бичсэн Паулын эхний захидал нь тэднийг урамшуулан тайтгаруулах зорилготой байжээ. Захидалдаа тэдний хайр итгэлийн тухай сонссондоо талархсан төдийгүй, Паулыг хамт байхад тэдний амьдрал байдал ямар байсныг давхар сануулсан байдаг. Христийг ирэхээс өмнө нас барсан итгэгчид Түүнийг дахин ирэхэд гүйцэлдэх мөнх амьдралыг хуваалцаж чадах уу, Христ хэзээ эргэн ирэх вэ? гэхчлэн Христийн дахин ирэх талаар чуулганд дэгдсэн асуултуудад Паул мөн хариу өгөхдөө энэ завшааныг ашиглан тэдэнд Христийн ирэхийг найдвар дор хүлээн, итгэлээр цааш үргэлжлүүлэн явахыг ятгажээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1 ТЕСАЛОНИК номын танилцуулга/