Филиппой

Европын хөрсөн дээр байгуулсан анхны чуулган нь болох Ромын Македони мужийн Филиппой дахь чуулганыханд Паул энэ захидлаа бичжээ. Захидлыг бичих үед элч Паул шоронд байсан бөгөөд түүний хувьд Христийг дэлгэрүүлэгч бусад ажилчид эсэргүүцэл, төвөг учруулж мөн Филиппойн чуулганд хуурамч сургаал заагдсан явдалд сэтгэлээр унасан хүнд үе байв. Гэсэн хэдий ч энэ захидал баяр хөөр, итгэл найдвараар амьсгалж байдгийг зөвхөн Есүс Христэд итгэсэн Паулын гүн итгэлээр л тайлбарлаж болох юм. Чухал хэрэгцээтэй үед нь Паулд дэмжлэг явуулсан Филиппойн христитгэгчдэд талархах нь захидлыг бичих болсон гол шалтгаан байв. Хэдийгээр Паулд өөрт нь болоод Филиппойн чуулганыханд олон хэрэг явдал учраад байсан ч чуулганыхны итгэл зоригийг батжуулахын төлөө тэрээр энэ боломжийг ашигласан байна. Хувийн сонирхол, бардамналдаа эс автан, Есүсийн даруу төрхөөр явахыг Паул тэдэнд хандан уриалсан бөгөөд Есүстэй нэгдсэн тэдний амьдрал бол Еврейн хуулийн ёслолуудыг дагаснаар олдсон бус харин итгэлээр дамжин өгөгдсөн Бурханы бэлэг юм гэдгийг сануулжээ. Христтэй нэгдэж амьдрагсдад Бурханы өгсөн баяр хөөр амар тайвны тухай ч бас бичсэн байна. Итгэл, амьдралын баяр хөөр, найдвар, эв нэгдэл болоод цөхөршгүй зан чанарын тухай чухалчлан авч үзсэн байдгаар нь энэ захидлыг онцлох нь бий бөгөөд Филиппойн чуулганыхныг гэсэн Паулын гүн их хайрыг бид мөн эндээс харж чадна.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Филиппой номын танилцуулга/