Есүсийн тухай сайнмэдээ еврей бус хүмүүст түгж, тэд хүлээн авах үеэр, жинхэнэ христитгэгч байхын тулд Мосегийн хуулийг дагах албатай юу гэсэн асуудал гарч иржээ. Паул үүнийг шаардлагагүй гэж үзэн, христитгэлт амьдралын цорын ганц суурь нь итгэл агаад үүгээр бүгд Бурханы өмнө зөвтгөгдөнө гэж байв. Гэвч Бага Ази дахь Ромын харьяат дүүрэг болох Галат дахь чуулганд Мосегийн хуулийг сахиснаар Бурханы өмнө зөвтгөгдөнө хэмээн Паулыг эсэргүүцэн зүтгэгчид гарч иржээ.
Буруу сургаалаар төөрөгсдийг үнэнд эргүүлэн дагуулахын тулд Паул энэ захидлыг Галатынханд бичсэн бөгөөд тэрээр Есүс Христийн элч хэмээн дуудуулах эрхээ хамгаалж буйгаар захидал эхэлдэг. Паул, еврей бус хүмүүст хүрэх дуудлагаа хүний эрх мэдлээс бус Бурханаас авсан гээд, хүн зөвхөн итгэлээр Бурханы өмнө зөвтгөгдөнө гэсэн сургаалыг дэлгэрүүлсэн юм. Христитгэлийн дүнд хайраас урган гарч ирдэг христэч зан чанарыг Паул сүүлийн бүлгүүдэд дүгнэн харуулжээ. /Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Галат номын тайлбар/