СҮҮЛЧИЙН ЗООГ - БОДРОЛ 1

IV / 19

СҮҮЛЧИЙН ЗООГ - БОДРОЛ 1

Хуримын урд шөнө, багын хоёр найзтайгаа ганц бие насаа үдсэн минь сэтгэлд тод үлджээ. Тэдэнтэйгээ гэрийн буурийн чинээ  хуримын даашинзынхаа  хормойг индүүдээд л, үс гэзэг, хумс хуруугаа будаж янзлангаа шөнөжин инээлдэж билээ. Яагаад энэ дурсамж намайг дахин эзэмдэх болов оо гэвэл  би яг одоо Ленорда Да Винчигийн зурсан “Сүүлчийн оройн зоог” зургийг бишрэн харж сууна. Есүс цовдлогдохоосоо өмнө өөрийн 12 дагалдагчтайгаа хамт оройн зоог барьж байсан үеийнх нь зураг, өнө холын түүх болон үлджээ. Тэгээд л би өөрөөсөө надад  “Сүүлчийнх...” гээд онцлоод хэлчих зүйл юу байдагсан билээ” гэж асууж тунгаасан минь энэ. Би даруй босож зургийн цомгоо нээлээ. Хайж байсан зургаа ч оллоо. Энэ зураг бол миний хуримын өмнөх шөнө багын найзуудтайгаа авахуулсан “Сүүлчийн зураг”. Өөрөөр хэлбэл ганц бие байх сүүлийн өдөр. Тэнд бид гурав газар гудсан дээр суугаад, найзууд маань намайг хоёр талаас тэвэрчээ. Би хэмжээлшгүй аз жаргалтай  харагдана. Маргааш нь хурим минь болно. Тийм болохоор л би тэгж их баяр хөөртэй гарчээ. 
      Харин дагалдагч нартайгаа Сүүлчийн зоог барьж суусан Есүсийн  зүрх сэтгэл тэр орой  ямар байсан бол... Хэрэв би маргааш үхнэ гэдгээ мэдвэл өнөөдрийг яаж өнгөрүүлэх бол? Төсөөлөх төдийд  л зүрх цээжинд багтахгүй оволзох шиг. “Есүс үхнэ гэдгээ дагалдагч нартаа хэлж байхад тэд яаж хүлээж авсан бол?” гэсэн асуултыг би бас л өөртөө тавилаа. Яагаад гэвэл зураг хүний дотоод сэтгэл тухайн уур амьсгалыг өөртөө шингээсэн байх ёстой шүү дээ. Тэр тусмаа алдарт зураач Ленорда Да Винчи энэ мөн чанарыг энэхүү зургандаа шингээсэн учраас л бүтээл нь гүйцэд зурагдаагүй ч гэлээ дэлхийн сор сонгодог болж чадсан биз ээ. Зурагт дүрслэгдсэнээр Есүсийн дагалдагчид бүгд л сандарч мэгджээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Есүс үхнэ гэдгээс илүү “Надаас хэн нэг нь урвана” гэж хэлсэн болохоор дагалдагчид нь “Арай би биш байгаа даа, эсвэл чи юм уу” гэсэн янзтай нэгийгээ сонжсон, хардсан, гайхсан,  мэгдсэн,  байдалтай харж тэрүүхэндээ суудал дээрээ тух алдацгаана. Гэхдээ яг Есүсийн баруун гар талд суугаа дагалдагч огт барьц алдсан, эргэлзсэн тээнэгэлзсэн шинжгүй улаа бутран тайван төрхтэй харагдана. “Бүгд л тогтворгүй болсон байхад энэ яагаад бусдаасаа өөр байна” гэсэн бодол надад төрлөө. Түүнийг Иохан гэдэг. Хэн нэгэн урвах тухай яригдахаас өмнө тэр Есүсийн өврийг дэрлээд сууж байсан гэдэг. Яриа дэгдсэн ч “Би лав урвахгүй, Аягүй л бол тэр урвана биз” гэдэг ч юм уу хэн нэгний нөлөөнд авталгүй Есүстэй хамт байгаадаа л үнэхээр баяртай байлаа.  Тэр бол дагалдагчдын хамгийн залуу нь. Өөрөөр хэлбэл тэрээр хэзээ ч Есүст эргэлзэж байгаагүй, Түүний хамгийн  хайртай дагалдагч нь байжээ.  Есүс Христийг үхээд дахин амилсны дараа, Амилалтын Агуу захиасыг түрүүлж ойлгосон нь мөн л Иохан. Тэрээр “Би хараад итгэв” хэмээн бичсэн бол бусад дагалдагч нар “Дахин амилна” гэсэн судрыг ойлгоогүй байсан байна гэдэг. Мөн Христийг Үхлээс дахин амилсны дараахан Иохан, Петр Томас гээд хэдэн нөхөд шөнөжин загас барих гээд чадсангүй. Гэтэл Нуурын эргээс “Тороо завиныхаа баруун талд хая...” гэж хэн нэгэн хэллээ. Энэ үед ч гэсэн тэдэн дундаас Иохан л Түүнийг Есүс байна хэмээн таньж. Тэгээд нуур руу үсрэн орж Түүний зүг ганцаар  сэлсэн байдаг. Иоханы үхэл ч гэсэн бусдаасаа өөр. Дагалдагчид хавчигдаж цовдлуулж, чулуугаар шидүүлж жам бусаар үхсэн бол Иохан цөлөгдөж байсан хэдий ч 12 дагалдагч дундаасаа амьдралын жамаар бие барсан  нэгэн. Энэ бол түүний бусад 12 дагалдагчаасаа ялгарах онцлогийн нэг юм.  
      Библийн Шинэ гэрээ номын эхний дөрвөн бүлгийг Есүсийн дөрвөн дагалдагч бичжээ. Матай, Марк, Лук, Иохан. Харин энэ Иохан номыг бичсэн дагалдагч бол “Юу чухал байна түүндээ өөрийгөө төвлөрүүлж, чухал биш зүйлд тэгтлээ нөлөөнд автаад байдаггүй мөнөөх улаа бутарсан царайтай Иохан шүү дээ. Библи тэр чигтээ Бурханы амлалт Гэрээ гэдэг. Үүнтэй маргалдаж мэтгэлцэх нь илүүц юм. Судлаачид Иоханыг философич хүн байсан гэж үздэг. Иохан зөвхөн Шинэ гэрээний Иохан номыг бичээд зогссонгүй Библийн хамгийн сүүлчийн гэгдэх “Илчлэл” номыг бичжээ. Бурхан хожим юу болох тухай Патм арал дээр Иоханаар дамжуулан илчилсэн гэдэг. Та ч гэсэн өөрийн нууцаа хүн бүрд биш харин хамгийн итгэмжит хайртай нэгэндээ хэлэхгүй гэж үү. Миний хувьд анх хүнд хайртай болчхоод тэр баярт мэдээгээ төрүүлж өсгөсөн аав ээждээ хэлэхээс илүүтэй хамгийн сайн хоёр найздаа л дуулгасан байдаг. Тэд минь хуримын өдөр хоёр талын аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн өмнө “Хуримлагч хосууд эртнээс бие биедээ хайр сэтгэлтэй болсныг бид мэднэ” гэдгийг гэрчилсэн юм. Хэн нэгний хуримын гэрч болох сайхан. Сайн сайхан бүхний гэрч байх нь ч сайхан түүх. Тэгвэл Үхээд Амилсан нэгний гэрч болох амаргүй. Гэвч Христийн дагалдагчид юунд амиа золин байж “Христ дахин амилсан” хэмээн тунхагласан юм бол!!! 

Бичсэн Р.Оюундарь