Ромын чуулганд очихоор төлөвлөсөн элч Паул айлчлалынхаа бэлтгэл болгон энэ захидлыг бичжээ. Тэрээр тэндхийн христитгэгчдийн дунд хэсэг үйлчилж байгаад тэднээр дэмжүүлэн цааш Испани явах төлөвлөгөөтэй байв. Христитгэлийн талаарх өөрийн ухагдахууныг болон итгэгчдийн амьдрал дахь үүний бодит хэрэгжүүлэлтийг тайлбарлах зорилгоор бичсэн энэ захидалд Паулын сургаал бүрэн цогцоор тусгагдсан байдаг.
Тэрээр Ром дахь чуулганыханд хандсан мэндчилгээ болон тэдний төлөөх залбиралаа дурсаад араас нь “Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээнд илчлэгдсэн байдаг бөгөөд итгэлээс итгэлд хүргэнэ” (1:17) хэмээн захидлынхаа сэдвийг гаргажээ.
Сэдвээ цааш өргөжүүлж бүх хүн, иудей, харийнхан аль аль нь Бурхантай зөвт харилцаатай болох шаардлагатай агаад бүгд адилхан нүглийн хүчин дор байгаа тул зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр л Бурханы өмнө зөвтгөгдөнө гэжээ. Улмаар Бурхантай харилцах шинэ харилцааны үрээр Есүс Христтэй нэгдэх шинэ амьдралыг дүрслэн, итгэгч хүн Бурхантай хамт амар амгалан байж, нүглийн ба үхлийн хүчнээс Ариун Сүнсээр чөлөөлөгддөг гэжээ. Паул 5–8-р бүлэгт Бурханы хуулийн зорилго болон итгэгчдийн амьдрал дахь Ариун Сүнсний хүчийн тухай асуудлыг мөн авч үзсэн байна. Улмаар иудей болон харь үндэстнүүд нь бүх хүмүүст зориулсан Бурханы төлөвлөгөөнд хэрхэн багтаж болохыг гүнзгий өгүүлжээ. Мөн Есүсийг үгүйсгэж байгаа еврейчүүдийн үгүйсгэл нь Есүс Христээр Бурханы нигүүлсэл бүх хүмүүст хүрэх төлөвлөгөөний нэг хэсэг гэж дүгнэсэн бөгөөд еврейчүүд Есүсийг дандаа үгүйсгээд байхгүй юм гэдэгт бас итгэж байв. Эцэст нь Паул, христэч амьдрал ямар байх талаар, ялангуяа бусадтай хайраар харилцах тухай бичээд, үргэлжлүүлэн Бурханд үйлчлэх, төр хийгээд бие биенийхээ өмнө христитгэгчийн хүлээх үүрэг, мөс чанарын тухай сэдвүүдийг хөнджээ. Паул эл захидлаа хувийн чанартай мэндийн үгс, залбирлаар төгсгөсөн байна. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Ром номын танилцуулга/