Элч нарын Үйлс ном нь Лук номын үргэлжлэл бөгөөд Есүсийн анхны дагалдагчид Ариун Сүнсээр удирдуулж Христийн талаарх сайнмэдээг “Иерусалим, бүх Иудей, Самари болон дэлхийн хязгаар хүртэл” (1:8) хэрхэн тарааж буйг өгүүлэх зорилготой бичигджээ. Энэ бол Еврейчүүдийн дундаас дэлхий даяар түгсэн Христийн хөдөлгөөний түүх юм.
Христитгэгчид бол Ромын эзэнт гүрний улс төрийн бодлогыг сөрөгчид биш бөгөөд Христитгэл нь Иудейн шашны биелэл юм гэдгийг уншигчдадаа нотлон илэрхийлэхийг бичигч эрхэм ихэд анхаарчээ.
Есүсийн сайнмэдээг тунхаглан, сүмийг үүсгэн өргөжүүлсэн байдлаар нь энэ номыг 1) Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараа Иерусалимд христэч хөдөлгөөн эхэлсэн нь; 2) Палестины бусад нутгуудад өргөжин дэлгэрсэн нь; 3) Газрын дундад тэнгис ба Ром хүртэл улам тархсан нь хэмээн гурав хувааж болно. Уг номын онцлог нь Иерусалим дахь итгэгчид дээр Пентэкост өдөр Ариун Сүнс хүч юугаараа ирэн чуулган хийгээд удирдагчдыг замчлан хүчирхэгжүүлж байгаа үйл явдлыг мэдээлсэнд оршино. Христитгэлийн талаарх тухайн үеийн ухагдахууныг хэд хэдэн номлолд хураангуйлан илэрхийлсэн энэ номд гарч буй үйл явдлууд нь эл ухагдахууны хүчийг итгэгчдийн амьдрал болон сүмийн дагалдуулалтын хүрээнд гаргаж үзүүлжээ. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Үйлс номын танилцуулга/