Есүс Христийг “… хүмүүн биеийг олж бидний дунд амьдарсан” Бурханы Үг хэмээн энэхүү сайнмэдээнд элч Иохан илэрхийлжээ. (1:14) Мөн “Есүс бол амлагдсан Аврагч, Бурханы Хүү мөн гэдэгт итгүүлэхийн тулд энэ сайнмэдээ бичигдсэн бөгөөд Түүнд итгэснээр хүмүүс амьтай болох юм” хэмээн энэ ном өгүүлдэг юм. (20:31) Бурханы мөнхийн Үг гэж Есүсийг тодорхойлсон оршил хэсгийн араас Есүс Христ бол амлагдсан Аврагч мөн Бурханы Хүү гэдгийг батлан харуулсан олон янзын гайхамшиг номын эхний бүлгүүдэд багтсан байдаг агаад эдгээр гайхамшиг юуг илчилж буйг тайлбарласан байна.
Зарим хүн Есүст итгэн, дагалдагч нь болж байхад зарим нь Есүсийг эсэргүүцэн, итгэхээс татгалзаж байгаа тухай ч бас номын энэ хэсэгт гардаг.
Есүс баривчлагдах үдшээ дагалдагчидтайгаа ихэд аминчлан байж, ирэх үйл явдалд тэднийг бэлтгэн  зоригжуулсан үгсийг хэлсэн бас ямар дотно нөхөрлөж байсныг нь энэ номын 13–17-р бүлэгт дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин сүүлчийн бүлгүүдэд Есүсийг баривчилсан, шүүсэн мөн цовдолсон тухай болоод улмаар Есүс амиллынхаа дараа дагалдагч нартаа харагдсан тухай өгүүлжээ.
“Завхайрч байгаад баригдсан эмэгтэйн тухай” (8:1–11) хэсгийг олон гар бичмэл болон эртний орчуулгуудад орхих юмуу өөр хэсэгт оруулсан байдаг учраас хаалтанд оруулж тэмдэглэсэн байдаг.
Энэ номд, Христээр дамжин мөнх амийн бэлэг ирснийг болон чухам зам, үнэн, амь бол Есүс мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд эл бэлэг өгөгдөнө гэдгийг Иохан онцлон тэмдэглэжээ. Иоханы дүрслэлийн онцлог нь ус, талх, гэрэл, хоньчин ба хоньд, усан үзмийн мод ба жимс нь гэх мэт амьдрал ахуйд байдаг эгэл юмсаар сүнслэг оршихуйг бэлгэдсэнд оршино.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Иохан номын танилцуулга/