“Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээ” хэмээх тунхаглалаар энэ ном эхэлдэг. Есүсийг хүчит үйлстэн бөгөөд эрх мэдэлтэн хэмээн дүрсэлж, энэхүү эрх мэдэл нь Түүний сургаал, чөтгөрүүдээс дээгүүрх хүч чадал, нүглийн уучлал зэргээр илэрхийлэгджээ. Тэрээр өөрийгөө “хүмүүсийг гэмээс нь чөлөөлөхийн тулд амиа өгөхөөр ирсэн Хүний Хүү” гэж хэлж байна.
Бичигч бээр Есүсийн тухай илэн далангүй эрс шулуухан өгүүлэхдээ Түүний хүчит үйлсийг үг сургаалаас нь илүү онцгойлсон байна. Баптисч Иоханы тухай мөн Есүсийн соригдсон талаар номын эхэнд товч дурдаад Есүсийн эдгээх ба сургаал заах үйлчлэлийн тухай шууд өгүүлжээ. Дагалдагчид нь яваандаа Есүсийг илүү ойлгохын сацуу эсэргүүцэгчид ч улам өширхөж байсан юм. Төгсгөл бүлэгт дэлхий дээр Есүсийн өнгөрүүлсэн сүүлчийн долоо хоногийн онцлог үйл явдал болох цовдлогдсон ба амилсан түүх гарна.
Эл сайнмэдээний төгсгөл хоёр янз бөгөөд хаалтанд байгаа хэсгийг Маркаас өөр хүн бичсэн гэж үздэг.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Марк номын танилцуулга/