Матайн бичсэн сайнмэдээ нь Есүсийг Хуучин гэрээн дэх, Бурханы амлалтын биелэл буюу Аврагч гэдгийг илэрхийлдэг агаад Есүсийн төрж өссөн үндэстэн болох еврейчүүдэд төдийгүй дэлхий дахинд зориулагджээ.
Матай ном нь Есүс мэндэлсэн, баптисм хүртсэн, соригдсон тухай болон Галилд номлож, зааж, эдгээн үйлчилж байсан үйл явдлаар эхэлдэг. Улмаар Галилаас Иерусалим хүртэл аялсан тухай нь болон сүүлчийн долоо хоног, үйл явдлын оргил буюу цовдлогдож бас амилсан тухай эмх цэгцтэй өгүүлдэг.
Есүсийг Бурханы хаанчлалын тухай заагч, Бурханы хуулийг тайлбарлагч эрх мэдэл бүхий аугаа багш гэдгийг эл сайнмэдээнд харуулж байна. Түүний сургаалыг агуулгаар нь 1) Тэнгэрийн хаанчлалын иргэдийн зан чанар, үүрэг, эрх мэдэл, ирээдүйнх нь тухай өгүүлсэн хэсэг буюу уулан дээрх номлол; 2) Арван хоёр дагалдагчдадаа өгсөн заавар; 3) Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалт зүйрлэл; 4) Дагалдахуйн тухай; 5) Энэ үеийн төгсгөл ба тэнгэрийн хаанчлал айсуй тухай заасан нь хэмээсэн таван хэсэгт хуваан үздэг.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Матай номын танилцуулга/