ТАРИХ ХУРААХЫН ЗАРЧИМ

Амьдрал сонголтуудаар дүүрэн. Бид янз бүрийн сонголт хийж байдаг. Харин бидний тэр бүр бодоод байдаггүй зүйл бол, залуудаа хийсэн сонголтын үр дагавар биднийг насан туршид дагах нь ч бий. Энэ нь бидний зан чанарын нэг хэсэг болсон ч байх нь бий. Яагаад гэвэл, бид бага залуудаа сонсож, үзэж, харсан бүхэн маань өнгөрсөн, ард хоцорсон гэж бодсон ч биднийг насан туршид дагаж байдаг юм. Үнэндээ бидний харж, үзэж, сонссон бүхэн байж л байгаа. Багаасаа л дураараа өссөн хүүхэд том болоод ч дураараа зангаа тавихгүй. Харин хэн нэгэнтэй учирч, амьдралын утга учир үнэ цэнийг ойлгохгүй бол, энэ чигээрээ ч дуусч болно. Яагаад гэвэл, та ойлгож байгаа байх, бага залуудаа хүн ямар үр суулгана, өсөж том болоод тийм л зан чанарын ургац хураана гэсэн үг. Тэгээд бас өнөөдрийн биднийг тодорхойлж байгаа сайн чанарууд бол бидний амьдралд сайн санаа, сайхан зуршилыг тарьж суулгасан тэдгээр хүмүүсийн гавьяа байдаг юм.