МИНИЙ ХҮМҮҮС ӨДӨРТ ХЭДЭН ЗУУГААР УНАЖ БАЙНА

II / 21

МИНИЙ ХҮМҮҮС ӨДӨРТ ХЭДЭН ЗУУГААР УНАЖ БАЙНА

Би нөхөртэйгөө бүтэн цагаар үйлчилдэг байлаа. Цуглаан, ажил гээд бүгд Эзэний сайн мэдээний төлөө байсан учир өөрийгөө итгэлээрээ бусдаас дээгүүр гэдэг үнэлгээ өгчихсөн додьгор гэгч жигтэйхэн. Жирийн нэгэн л бүтэн сайн өдөр уламжлал ёсоороо цуглацгааж Эзэнийг магтаж, залбирч дуусаад нөхөрлөх цагтаа оров оо. Хүүхдүүд энд тэнд гүйлдэж үймүүлцгээж байснаа гэнэт хүүхдийн хашхирах чимээ сонсогдож бүдгэрсээр пид хийх чимээ гарав. Айж сандарсан хүмүүс цонх руу ойрттол.. Ээ Бурхан минь, итгэмээргүй. Том хүү маань тэр доор газар цусанд булаатай хэвтэж байлаа. Аав нь ухаангүй гүйж гарав. Би хэсэг байдлыг бүрэн ойлгож чадахгүй цонхны хажууд зогссоноо гэнэт ухаан орж гадагшаа гарахаар гүйв. Хүмүүс түргэн дуудаж, эмнэлгийн машинаар бид хүүгээ тэвэрсээр уйлан хайлсаар. Бурхан минь яагаад? Би Танд ингэж ингэж үйлчилсэн, тэгэж зориулалт гаргасан. Гэтэл шагнал нь энэ үү? Гээд л гомдлын нулимс цээж дүүрэн, хацар дагав. Хүү минь эмнэлэгт очоод биднээс үүрд явсан юм. Миний уур их хүрсэн. Би Бурханыг ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй. Хэдэн жил энэ шокноос гарч чадаагүй, заримдаа би итгэгч биш ажилчидтайгаа хамт архи ууж тайвширдаг байлаа. Харин манай нөхөр бол арай зөөлөн, Бурханы төлөвлөгөө учраас л хүүг маань авсан гэж итгэдэг байв. Би бол харин тэр төлөвлөгөөг нь үзэн ядахаар хатуу байлаа. Дахин жирэмсэн болжээ. Мөн л хүү аж. Бурханд өгдөг бас авдаг гэж байдгийг санаж миний хатуу сэтгэл арай зөөлөрлөө. Ажлын нэг эгч маань итгэгч байсан тул хааяа намайг цуглаандаа яв гэж ятгана. Гавьяа байгуулсан хүн шиг эсэргүүцэж их олон юм өөдөөс нь ярьж хүчээр өөрийгөө хатууруулдаг байжээ. Харин тэр эгч маань миний төлөө маш их залбирдаг байсныг хожим мэдсэн юм. Нэгэн удаа эгчийн ээлжит зөвлөгөө эхлэтэл өмнө байсан шиг арцалдах сэтгэл огт төрсөнгүй, харин зөөлнөөр “Миний хүү яваад өгсөн” гэж хэлтэл эгч хариуд нь - Чи нэг л хүүгээ алдсан. Харин Бурханы хүүхдүүд өдөрт хэдэн зуугаараа тамруу явж байна гэв. Там руу явж байгаа тэр олон хүмүүсийн төлөө өөрийгөө зориулахгүй, харин ч байнга гомдоллож хатуу сэтгэл гаргаж байсан надад ичих сэтгэл төрж Бурхан надад юу ойлгуулахыг хүссэн юм бол хэмээн залбирлаа. Нөхөртэйгөө ч илүү сайн ойлголцож эргээд би Бурхандаа ирсэн юм. Олон зүүд, эш үзүүллэгээр дамжуулан хүү нь аврагдсан гэсэн илчлэлтийг Бурхан бидэнд өгсөн. Хүү маань ч төрлөө, Бурханд талархаж буцаж үйлчлэлдээ орсон. Гэхдээ бардам хоосон сэтгэлээр биш, Эзэний хүмүүсийн төлөө даруухнаар үйлчлэхэд суралцсан. Өөрийнхөө бодлоор биш, Бурханы хүслээр амьдарцгаая.

Гэрчлэлээ хуваалцсан Оюунбаяр