Иудагийн өмнөд хаант улсын жижиг тосгоноос гаралтай эш үзүүлэгч Мика нь эш үзүүлэгч Исаиагийн цаг үед амьдарч байсан хүн юм. Шударга бус байдлын шийтгэл болж хойд хаант улсад Бурханаас сүйрэл ирнэ гэдгийг эш үзүүлэгч Амос өмнө нь зөгнөж байсантай адил, сүйрэл мөн өмнөд хаант улс дээр ч ирэх нь гэдгийг Мика зөгнөсөн юм. Гэхдээ Микагийн эш үзүүллэгт ирээдүйн найдварын тухай тодорхой туссан байдаг агаад Бурханы хаанчлал дор бүх үндэстэн амар тайван орших тухай (4:1–4) болон Давидын удмаас гарах аугаа Хаан энэ үндэстэнд амар амгаланг авчрах (5:2–5а) талаар өгүүлсэн байна. Израилийн бүх эш үзүүлэгчдийн санааг Мика ганцхан эшлэлд дүгнэн илэрхийлж чадсаныг бид 6:8-р эшлэлээс харж болох юм.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи МИКА номын тайлбар/