Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн эмэгтэйн тухай түүх буюу Магдалын Мариагийн тухай түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүх Библийн Матай, Марк, Лук, Иохан номуудад тэмдэглэгдэн үлджээ.
Есүсийг мэндлэхээс олон зуун жилийн өмнө эш үзүүлэгчид хүн төрөлхтнийг аврах Аврагч Мессиа мэндлэх болно хэмээн эш үзүүлж байжээ. Улмаар Есүс Христийг мэндлэх үед энэхүү эш үзүүллэг нь биеллээ олсон юм. Түүний төрөлт, Түүний амьдрал, Түүний үхэл бүхэлдээ бид бүгдийн гэм нүглийн уучлалын төлөө байсан. Энэ бүхнээрээ Тэр биднийг Бурхантай эвлэрүүлсэн юм. Тэрээр 30 орчим настайдаа үйчлэлээ эхлүүлж, хэн хүнээс илүү эрх мэдэлтэйгээр Бурханы үгийг тунхаглаж байсан. Тэрээр хүмүүсийн бий болгосон уламжлалаас илүүгээр Бурханы үнэнийг чухалчилж байсан юм. Тэр сургаал номлол, эдгэрлийн болон бусад гайхамшигт үйлсүүдээрээ нь хаа явсан газартаа үй олон хүнийг Өөртөө татаж байсан билээ.
Гэвч шашны тэргүүнүүд Есүсийг өөрсдийнх нь байр суурь, амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үзэж байсан юм. Ингээд Есүсийн үйлчлэлийн 3 дахь жилийн Алгасал баярын үеэр тэд Есүсийг баривчилсан. Тэд Есүсийг хилс хэрэгт буруутгаж, зодож нүдэн, дооглон тохуурхсан. Эцэст нь цэргүүд Баасан гарагт Түүнийг 2 гэмт хэрэгтний дунд цовдолсон юм.
Хэсэг эмэгтэйчүүд Есүсийн шарилыг тусгайлан тосолж бэлтгэхээр төлөвлөж байжээ. Учир нь Түүний шарилыг загалмайнаас буулгах үед Амралтын өдөр эхлэх гэж байсан учир тэдэнд ийнхүү үйлдэх боломж гараагүй юм. Ингээд Ням гарагийн өглөө эрт тэд Есүсийн шарилыг тавьсан булшин дээр тусгайлан бэлтгэсэн үнэртэн болон тосоо аваад ирцгээжээ.
Гэтэл хадан булшны амыг тагласан байсан аварга том бул чулууг байрнаас нь хөдөлөгчихсөн, Есүсийн шарил алга болчихсон байжээ. Тэднийг гайхаж сандран байх зуур тэнгэрэлч тэдэнд Есүсийн хэлж байсан үгсийг сануулсан байна. Учир нь Есүс загалмайд цовдлогдод 3 дахь хоног дээрээ үхлээс амилах болно гэдгийг Өөрөө урьдаас хэлсэн байсан. Тиймээс тэднийг явж энэ мэдээг бусдадаа дуулгахыг тэнгэрэлч сануулсан байна.
Есүсийн шавь нар эхлээд тэдгээр эмэгтэйчүүдэд итгээгүй. Гэвч Петр, Иохан 2 өөрсдийн нүдээр хоосон булшийг хараад тэдний айдас, үл итгэл баяр хөөрөөр солигдсон юм. Ингээд шавь нарыг булшин дээрээс явсны дараа Магдалын Мариа ганцаараа тэнд үлдсэн байна. Тэр үеэр амилсан Аврагч Есүс түүнд ч бас үзэгдсэн билээ. Ингээд тэр үед юу болсон тухай өгүүлэх Магдалын Мариагийн ярианд анхаарлаа хандуулцгаая.