Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн эр буюу Ариматын Иосефын тухай түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүх Библийн Марк, Матай, Лук номуудад тэмдэглэгдэн үлджээ
Есүсийг мэндлэхээс олон зуун жилийн өмнө эш үзүүлэгчид хүн төрөлхтнийг аврах Аврагч Мессиа мэндлэх болно хэмээн эш үзүүлж байжээ. Улмаар Есүс Христийг мэндлэх үед энэхүү эш үзүүллэг нь биеллээ олсон юм. Түүний төрөлт, Түүний амьдрал, Түүний үхэл бүхэлдээ бид бүгдийн гэм нүглийн уучлалын төлөө байсан. Энэ бүхнээрээ Тэр биднийг Бурхантай эвлэрүүлсэн юм. Тэрээр 30 орчим настайдаа үйлчлэлээ эхлүүлж, хэн хүнээс илүү эрх мэдэлтэйгээр Бурханы үгийг тунхаглаж байсан. Тэр сургаал номлол, эдгэрлийн болон бусад гайхамшигт үйлсүүдээрээ хаа явсан газартаа үй олон хүнийг Өөртөө татаж байсан билээ.
Гэвч шашны тэргүүнүүд Есүсийг өөрсдийнх нь байр суурь, амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үзэж байсан юм. Тиймээс Есүсийн үйлчлэлийн 3 дахь жилийн Алгасал баярын үеэр тэд Есүсийг баривчилсан юм. Тэд Есүсийг хилс хэрэгт буруутгаж, зодож нүдэн, дооглон тохуурхсан. Эцэст нь цэргүүд Түүнийг 2 гэмт хэрэгтний дунд цовдолсон юм.
Улмаар Есүсийг нас барсны дараа шашны тэргүүнүүдийн нэг боловч Есүст нууцаар итгэж байсан Ариматын Иосеф Ромын захирагч Пилаттай уулзан Түүнээс Есүсийн шарилыг гуйсан байна. Ингээд Иосеф өөр нэгэн шашны тэргүүн Никодемын хамт Есүсийн шарилыг загалмайнаас буулган цоо шинэ булшинд тавьсан билээ. Энэ бүх үйл явдал хэрхэн өрнөсөн болохыг Ариматын Иосеф бидэнд өгүүлэх болно. Хамтдаа түүний ярих түүхийг хүлээн авч сонсоцгооё.