ПИЛАТ: СОНГОЛТОО ХИЙХ ЁСТОЙ БОЛСОН АЛБАН ТУШААЛТАН

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” хүмүүсийн нэг болох Пилатын тухай үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Матай, Марк, Лук, Иохан номуудаас унших боломжтой юм.
Есүс Христ энэ дэлхий дээр хүмүүн болон мэндлээд гэм зэмгүй төгс амьдралаар амьдарсан. Тэрээр 30 орчим настайдаа үйлчлэлээ эхлүүлж, хүмүүсийг Бурхан Эзэнээ болон хөршөө хайрлахыг уриалан дуудаж байсан. Түүний сургаал номлол, эдгэрлийн болон бусад гайхамшигт үйлсүүд нь хаа явсан газарт нь үй олон хүнийг Түүн рүү татаж байсан юм.
Үүний зэрэгцээ Тэрээр шашны тэргүүнүүдтэй байнга зөрчилддөг байлаа. Учир нь тэд Есүсийг өөрсдийнх нь байр суурь, амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үзэж байсан юм. Харин Есүс хүмүүсийн бий болгосон уламжлалыг бус харин Бурханы үнэнийг эн тэргүүнд тавьдаг байсан юм. Тиймээс ч Есүс гэм нүгэлтэй, нийгэмдээ гадуурхагдсан хүмүүст хүрч, тэдэнд үйлчилдэг байсан юм.
Харин энэ бүх зөрчил Есүсийн үйлчлэлийн 3 дахь жилийн Алгасал баярын үеэр оргилдоо хүрсэн юм. Чухамдаа Бурхан хэрхэн Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн болохыг дурсан санах энэ л баярын үеэр Есүсийн нэгэн шавь Түүнээс урваж Түүнийг барьж өгсөн юм. Шашны тэргүүнүүд Есүсийг хороохоор шийдсэн ч тэдэнд тийм эрх мэдэл байсангүй. Тиймээс тэд Есүсийг гавлаж дөнгөлөөд Ромын захирагч Пилатын өмнө аваачжээ. Энэ бүх түүх хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Иохан бидэнд өгүүлэх болно. Хамтдаа Иоханы өгүүлэх түүхийг хүлээн авч сонсоцгооё.