УЯМАН ӨВЧТЭЙ АРВАН ХҮН

Өнөөдрийн драма бидэнд “Эзэнтэй уулзсан” 10 уяман өвчтэй хүний тухай түүхийг өгүүлэх болно. Энэ түүхийг бид Библийн Лук номоос олж унших боломжтой юм. Иерусалим руу явах зам зуураа Есүс Самари болон Галилын хил дагуух нэгэн тосгонд иржээ. Тэнд уяман өвчтэй 10 хүн Есүс дээр ирж өршөөл гуйн хашхирчээ. Есүс тэдэнд явж тахилчдад бие үзүүлэхийг тушаасан байна. Учир нь уяман өвчин нь эдгэрч эрүүл болсноо батлуулахын тулд тухайн үед уяман өвчтэй хүмүүс эхлээд заавал тахилчдад биеэ шалгуулдаг байжээ. Ингээд тэднийг тахилч нар луу явах зам зуур Есүс тэдний биеийг эдгээсэн байна.
Гэвч гайхамшигтайгаар эдгэрч цоо эрүүл болсон 10 хүнээс ганцхан Самари хүн л Есүс дээр эргэн ирж талархлаа илэрхийлсэн байна. Тэр Есүсийн хөлний өмнө сөгдөж, гайхамшигтай эдгэрлийн төлөө Бурханд алдрыг өргөсөн байна. Харин Есүс түүнийг босгож, сайныг ерөөгөөд явуулсан юм.
Үүний дараа Фарисайчууд Есүсээс Бурханы хаанчлал хэзээ ирэх тухай асуусан байна. Харин Есүс тэдэнд Бурханы хаанчлал бидний нүдэнд үзэгдэх ямар нэгэн газраар хязгаарлагдахгүй гэдгийг хэлсэн байна. Харин ч Бурханы хаанчлал аль хэдийн тэдний дунд ирчихээд байгааг сануулсан байна. Учир нь Есүс энд энэ дэлхийн хаанчлалын тухай биш харин сүнслэг хаанчлалын тухай ярьж байсан юм.
Үүний дараа Есүс шавь нартаа Өөрийгөө маш их зовлон эдэлсний дараа тэднийг орхих тухайгаа бас хожим нь эрх мэдэл, хүч чадал дотор дахин ирэх тухайгаа хэлсэн юм. Харин энэ зуур Түүний дахин ирэлтийн тухай олныг хуурч мэхлэх хуурамч эш үзүүлэгчдэд хууртахгүй байхыг анхааруулсан байна. Ингэхдээ Тэрээр Өөрийнхөө дахин ирэх өдрийг тэнгэрт цахилах аянга цахилгаантай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ үйл явдлыг бүгд нүдээр харж, ойлгох болно гэсэн үг. Гэвч Ноагийн болон Лотын амьдарч байсан цаг үе шиг маш олон хүн Есүсийг дахин ирэх үед ямар ч бэлтгэлгүй, өдөр тутмын амьдралдаа түүртэн байх болно гэдгийг Есүс сануулсан хэлсэн байна.
Ингээд энэ бүх үйл явдал хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Петр бидэнд хэрхэн өгүүлэхийг хамтдаа чих тавин сонсоцгооё.