ЕСҮСИЙГ ОРОЙН ЗООГТ УРЬСАН ФАРИСАЙ

Өнөөдрийн драмаар бид Библийн Лук номонд бичигдсэн нэгэн түүхийг үзэх болно. Энэ бол Есүсийг оройн зоогт урьсан нэгэн Фарисай хүний тухай түүх юм. Тэр бол “Эзэнтэй уулзсан” олон хүмүүсийн нэг юм. 

Тэр Фарисай хүн хамт оройн зоог барихаар Есүсийг гэртээ урьжээ. Гэтэл Есүс оройн зоог барихынхаа өмнө тэдний уламжлалын дагуу угаал үйлдээгүйд тэр ихэнд гайхсан байна. Харин Фарисай хүний энэ байдал Есүсийг тэнд байсан хүмүүст хандан хатуухан үг хэлэхэд хүргэсэн юм. 

Есүс эхлээд Фарисайчуудад хандан тэдний 10-ны нэгийн өргөлөөрөө сайрхах бардамнал, олны өмнө хүндлүүлэх гэсэн хүсэл болон 2 нүүртэй байдлыг нь буруутган зэмлэсэн бол дараа нь хуулийн багш нарт хандан тэднийг эгэл жирийн хүмүүсийн нуруун дээр шударга бус ачаа дарамт нэмдэг байдал, хуурамч хүндлэл болон Бурханыг эрэн хайж буй хүмүүст саад болдог байдлыг нь дайруулан зэмлэсэн байдаг. 

Энэ бүхнийг хэлэхдээ Есүс шашны тэргүүнүүдийн гаднаа цэвэр ариун харагдах гэж хичээдэг ч зүрх сэтгэлдээ бузар мууг тээж байдаг 2 нүүртэй байдлыг нь илчлэн хэлсэн юм. Гэвч Фарисайчууд болон шашны тэргүүнүүд гэмшихийн оронд Есүст уурлан хилэгнэж, Түүний эсрэг хуйвалдаан өрнүүлэх болсон билээ. Гэсэн ч тэдний энэ байдал Есүсийг зогсоогоогүй юм. Харин ч дараа нь Есүс сүм дотор илүү олон хүмүүсийн өмнө тэдний үнэн байдлыг ил тод шүүмжлэн хэлсэн байдаг (Матай 23:1-29).

Ингээд тэр өдөр Есүс Фарисай хүн Лемуелын гэрт юу ярьсныг, тэр өдөр үйл явдал хэрхэн өрнөснийг Есүсийн шавь Петр бидэнд өгүүлэх болно.