ТӨРӨЛХИЙН СОХОР ХҮН ЕСҮСТЭЙ УУЛЗСАН НЬ

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” төрөлхийн сохор нэгэн хүний тухай түүхийг үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Иохан номоос унших боломжтой юм.
Есүс болон шашны эрх мэдэлтнүүдийн хоорондын зөрчил улам бүр хурцадсаар байлаа. Есүс сургаалаа айлдахдаа Бурханы Хүүгийн ёсоор эрх мэдэлтэйгээр айлдаж байсан юм. Тиймээс ч ихэнх шашны тэргүүнүүд Түүнийг замаасаа зайлуулахыг хүсэж байлаа. Тэд өөрсдийн тогтсон уламжлалыг өөрчлөхөөс цааргалж байснаас гадна Аврагч Мессиагийн тухай өөрсдийн өрөөсгөл ойлголтоо өөрчлөхийг огт хүсэхгүй байсан юм. Харин тэдний энэхүү хатуу ойлголтод Есүс огт нийцэхгүй байлаа.
Нэгэн Амралтын өдөр Есүс төрөлхийн сохор хүнтэй тааралджээ. Тэр хүн өөрийнхөө гэм нүглийн улмаас сохор төрсөн юм уу? Эсвэл эцэг эхийнх нь гэм нүглийн улмаас тэр үү? гэж Есүсийн шавь нар Есүсээс асуужээ. Харин Есүс аль алиныг нь үгүйсгэж, тэр хүний нөхцөл байдлаар дамжуулаад Бурханы ажлууд хийгдэх болно гэдгийг тайлбарлаж өгсөн байна.
Тэгээд Есүс газар луу нулимж шороогоор шавар зуураад тэр хүний нүдийг шавж, түүнийг Силоамын цөөрөмд очин угаахыг тушаасан юм. Тэр хүн ч Есүсийн хэлснээр хийж хараатай болжээ.
Харин хүмүүс түүнийг гайхамшигтайгаар эдгэрсэнд итгэсэнгүй. Түүнийг өөр хүн байна гэж боджээ. Тэгээд тэд түүнийг Фарисайчууд дээр авчрахад Фарисайчууд Есүсийг Амралтын өдөр хүн эдгээсэн учир Бурханаас ирсэн хүн биш хэмээн буруутгасан байна. Харин тэр бүх гайхамшгийг хөндлөнгөөс харсан хүмүүс Есүсийг Бурханаас ирсэн Нэгэн гэдэгт итгэлтэй байлаа.
Тэгээд Фарисайчууд мөнөөх хүнийг байцааж, тэр бүү хэл эцэг эхийг нь хүртэл авчран байцаажээ. Удалгүй тэд арга мухардсандаа төрөлхийн сохор байсан тэр хүнийг синагогоос хөөн гаргажээ. Учир нь тэр Есүсийг нүгэлтэн гэдэгтэй санал нийлэхгүй байсан юм.
Харин тэр хүнд юу тохиолдсоныг Есүс олж мэдээд түүнтэй 2 дахь удаагаа уулзсан байна. Тэгээд Түүнд Өөрийгөө Бурханы Хүү гэдгээ илчилсэн байна. Тийнхүү өмнө нь сохор байсан тэр хүн Есүст итгэж, Түүнийг хүндлэн дээдэлсэн билээ.
Ингээд уг түүх хэрхэн өрнөснийг төрөлхийн сохор байсан Елиа өөрөө бидэнд ярьж өгөх болно.