ЕСҮСИЙН ӨМНӨ ЧИРЭГДЭН ИРСЭН ЭМЭГТЭЙ

Өнөөдрийн драма завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг хүмүүс Есүсийн өмнө чирэн ирсэн тухай өгүүлэх болно. Тийнхүү тэр эмэгтэй “Эзэнтэй уулзсан” юм. Энэ үйл явдлыг бид Библийн Иохан номон дээрээс уншиж болно. Есүс Майхан баярын үеэр Иерусалимд ирсэн байлаа. Есүсийн нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг харсан шашны тэргүүнүүд Есүсийг ямар ч хамаагүй аргаар замаасаа зайлуулахыг хүсэж байсан юм. Түүгээр зогсохгүй ард түмэн бүхэлдээ Есүсээс болж хоёр хуваагдсан байлаа. Зарим нь Түүнийг сайн хүн гэж үзэж байсан бол зарим нь Түүнийг дүр эсгэгч хэмээн үзэж байлаа. Харин зарим нь Түүнийг амлагдсан Мессиа хэмээн үзэж байсан юм. Ингээд баярын сүүлчийн өдөр Есүс сургаал заахаар сүмд ирсэн байлаа. Гэтэл шашны тэргүүнүүд Есүсийн сургаалыг тасалдуулж, Түүн дээр нэгэн эмэгтэйг чирж иржээ. Тэгээд тэр эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэж хэлсэн байна. Ийм эмэгтэйг чулуугаар шидэж хөнөөх ёстой гэж Мосегийн хуулинд бичигдсэн байдаг хэмээн тэд зүтгэж байлаа. Тэгээд тэд Есүсийг бүдрүүлэхийн тулд Түүний амыг асууж эхэлжээ. Тэд Есүсийг ямар ч хариулт өгсөн буруутгана гэсэн бэлтгэлтэй байлаа. Гэтэл тэдэнд хариулт өгөхийн оронд Есүс доош суун газарт ямар нэгэн юм бичиж эхэлжээ. Шашны тэргүүнүүд Есүсийг дахин дахин шалгаасаар байсан учир тэр ямар ч гэм нүгэлгүй нэг нь тэр эмэгтэй рүү эхлээд чулуу шид гэж хэлсэн байна. Тэгээд Есүс доош суун үргэлжлүүлэн бичиж эхэлжээ. Энэ үеэр шашны тэргүүнүүд бүгд тэндээс сэмхэн гарч явцгаажээ. Есүс тэр эмэгтэйгээс түүнийг буруутгаж байсан хүмүүс хаачсаныг асууж, хэн ч түүнийг шийтгэсэнгүй юу? хэмээн лавлажээ. Тэр эмэгтэйг “үгүй” хэмээн хариулах үед Есүс түүнд, “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” хэмээн хэлсэн гэдэг. Хамтдаа энэ түүх хэрхэн өрнөсөн болохыг энэ түүхийн гол дүр болох эмэгтэйн амнаас хүлээн авч сонсоцгооё.