ДУУГҮЙ ЗОГСОЖ ЧАДААГҮЙ ЭМЭГТЭЙ

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзаад” чимээгүй зогсож чадаагүй тэр нэгэн эмэгтэйн тухай түүхийг үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Марк, Матай номуудаас унших боломжтой юм. Тирийн нутагт амьдардаг байсан Сирофоеник гаралтай энэ эмэгтэйн охин чөтгөрт эзэмдүүлсний улмаас маш ихээр зовж шаналж байжээ. Харин Иудейчүүдийн дунд Есүс агуу гайхамшгуудыг үйлдэж байгаа тухай тэр эмэгтэй олж сонсоод хэдийгээр өөрөө Харь үндэстэн боловч охиноо Есүсээр эдгээлгэхийг хүссэн байна.
Есүсийг хаа явсан газар нь олон түмэн байнга бүчин дагадаг байлаа. Тиймээс Есүс олон түмнээс холдож, түр ч болов амсхийхийн тулд мөнөөх Сирофоеник эмэгтэйн амьдардаг байсан нутгийн ойролцоо очжээ. Хэдийгээр тэр бүс нутагт Есүс тийм ч алдартай байгаагүй боловч, бас Түүний шавь нар Түүнийг хаана байгааг хэнд ч хэлээгүй боловч Есүсийг тэнд байгааг хүмүүс маш амархан олж мэдсэн байна. Ингээд Есүсийг тэнд байгааг олж мэдсэн даруйдаа мөнөөх эмэгтэй Түүн дээр тусламж хүсэхээр гүйн очжээ.
Гэвч мөнөөх эмэгтэйн хүсэлтэд Есүс маш хачирхалтай хариу өгсөн байна. Тэр эмэгтэй Харь үндэстэн байсан бөгөөд Есүс түүнд Өөрийгөө зөвхөн Израилчуудад үйлчлэхээр дуудагдсан хэмээн хариулсан байна. Түүгээр зогсохгүй Есүс мөнөөх эмэгтэйд хандан Израилчуудын буюу хүүхдүүдийн талхыг авч Харь үндэстнүүд буюу нохдод өгөх нь зохимжгүй хэмээн хариулсан байна. Үүгээрээ Есүс тэр эмэгтэйн тууштай байдлыг шалгаж байлаа. Гэсэн ч мөнөөх эмэгтэй бууж өгсөнгүй. “Хүүхдийн идэж байгаад унагаасан талхыг ноход иддэг шүү дээ” хэмээн хариулсан байна. Түүний энэхүү тууштай бөгөөд эгэл даруу итгэлийн улмаас Есүс түүний охиныг эдгээж өгсөн билээ.
Ингээд Сирофоеник эмэгтэй Деметра өөрийн түүхийг хэрхэн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.