НАС БАРСАН ОХИН АМИЛСАН НЬ

Өнөөдрийн драма маань Иаир хэмээх эр болон түүний охины тухай өгүүлэх болно. Иаир бол “Эзэнтэй уулзсан” олон хүмүүсийн нэг юм. Түүний энэхүү түүхийг бид Библийн Марк, Матай, Лук номуудаас үзэж болно. Есүсийн аялан явсан газар бүрт үй олон хүмүүс Түүнийг бүчин дагадаг байлаа. Учир нь тэд Есүсийн сургаалыг сонсож, Түүний үйлдэх гайхамшгуудыг харахыг хүсдэг байсан юм. Нэгэн удаа синагогийн удирдагч Иаир гэгч нэгэн эр Есүсийн хөлийн өмнө сөгдөж, үхлүүт өвчтэй байгаа 12 настай охиноо эдгээж өгөхийг гуйсан юм. 
Ингээд тэднийг Иаирын гэр лүү явж байх зуур 12 жилийн туршид цус алддаг өвчнөөр шаналсан нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрсэн байдаг. Есүс өөрийг нь эдгээж чадна гэдэгт тэр эмэгтэй итгэсэн байсан учраас зөвхөн хувцсанд нь хүрэхэд л эдгэнэ гэж тэр боджээ. Есүс Өөрөөс нь эдгээх хүч гарахыг мэдэрч Өөрт нь хэн хүрснийг асуусан. Ингээд айж сандарсан мөнөөх эмэгтэй өөрийн хийсэн зүйлээ илчилсэн юм. Харин Есүс түүнийг тайвшруулж амар тайван явуулсан юм. 
Есүсийг тэр эмэгтэйтэй ярилцаж дуусаагүй байтал Иаирын гэрээс мэдээ ирж, охин нь нас барсныг тэдэнд дуулгасан байна. Гэсэн ч Өөрт нь итгэхийг Есүс Иаирт сануулсан. Тэгээд Есүс 3 шавиа дагуулаад Иаирын гэр лүү явсан байдаг. Түүнийг ирэх үед Иаирын гэрт олон хүн цугларчихсан, уйлан гашуудаж байлаа. 
Есүс тэдэнд “Иаирын охиныг нас бараагүй харин унтаж байна” гэж хэлэхэд тэд бүгдээрээ Есүсийг шоолон инээлджээ. Харин Есүс тэдний шоолон инээлдэхийг үл тоон охины эцэг эх болон шавь нарынхаа хамт гэрт оржээ. Тэгээд Есүс охины гараас барин босч ирэхийг тушаахад охин өндийн боссон юм. Энэ түүх хэрхэн өрнөсөн болохыг өгүүлэх Иаирын ярианд хамтдаа анхаарлаа хандуулцгаая.