БУЛШИН ДУНД АМЬДАРДАГ БАЙСАН ХҮН

Өнөөдрийн дугаараараа бид “Тэд Эзэнтэй уулзсан” цуврал драмын хүрээнд чөтгөрт эзэмдүүлэн ухаанаа алдаж, булшин дунд амьдардаг байсан нэгэн хүний тухай түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Библийн Матай, Марк, Лук номуудаас олж унших боломжтой юм. 
Галил тэнгисийн зүүн эрэг дагуу орших Герасчуудын нутагт нэгэн чөтгөрт эзэмдүүлсэн хүн амьдардаг байжээ. Тэр хүнийг хэн ч номхруулж чадахгүй байсан учир тэр хаа дуртай газраараа тэнүүчилж, булшнуудын дунд амьдардаг байв. Тэр өдөр шөнөгүй орилж хашхиран чулуугаар өөрийгөө зүсдэг байжээ. 
Тэр нэгэн өдөр Есүс Галил тэнгисийг гатлан Герасчуудын нутагт иржээ. Есүсийг харсан мөнөөх хүн Түүний өмнө гүйн ирж өвдөг сөгдсөн байна. Тэр хүний дотор маш олон чөтгөр шүглэсэн байсан учир тэднийг Легион гэдэг байжээ. Есүс тэр хүний дотор буй чөтгөрүүдэд гарч явахыг тушаахад тэд зэргэлдээх талбайд бэлчиж байсан гахайн сүрэг рүү явуулахыг гуйсан байна. Ингээд Есүсийг тушаахад тэд гахайн сүрэг рүү шүгэлж мөнөөх гахайнууд нь галзууран бүгд өндөр эргээс нуур руу унан живцгээжээ. 
Энэ бүхнийг харж ихэд айсан нутгийн хүмүүс Есүс дээр ирж, нутгаас нь үтэр түргэн явахыг гуйцгаасан байна. Харин эрүүл саруул болсон мөнөөх хүн Есүстэй хамт явахыг гуйжээ. Гэвч Есүс түүнд гэр лүүгээ буцаж, Өөрт нь Бурхан юу хийж өгснийг гэрчлэн тунхаглахыг тушаажээ. Түүний гэрчлэл сонссон хүн бүрийг гайхшруулж байлаа. Ингээд чөтгөрт эзэмдүүлсэн байсан мөнөөх хүний эхийн ярих сонирхолтой түүх рүү анхаарлаа хандуулцгаая.