АЖИЛ ХӨДӨЛМӨР ХҮНДЭТГЭЛ МӨРГӨЛ БОЛОХ НЬ

XII / 20

АЖИЛ ХӨДӨЛМӨР ХҮНДЭТГЭЛ МӨРГӨЛ БОЛОХ НЬ

Христэд итгэдэг бидний ой тойнд нэн тэргүүнд байх ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой сэдэл нь зүгээр л мөнгө олох, эсвэл амь зуулгынхаа төлөө биш гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Аль ч талбарт ажил эрхэлж байсан бид бусад хүмүүсийн амьдралын түвшинг сайжруулах, тэдний бие махбод, сэтгэл, сүнсний хэрэгцээг хангахын төлөөх дэлхий даяар тогтоосон Бурханы ажлын сүлжээнд оролцож, Түүнтэй хамтран зүтгэж байгаа. Энэхүү ажил эрхлэлтийн тухай ярихад мэргэжил, албан тушаал гэсэн ойлголтууд голлон хөндөгддөг. Ажил, алба эрхлэлт гэсэн утгатай англи үг (vocation) нь Христитгэлийн “дуудлага” гэх ойлголтоос улбаатай. Гэтэл өнөөдөр Христэд итгэгчдийн дуудлага нь нийгэм дээрх ажил эрхлэлттэй холбоогүй мэт үзэгдэх төдийгүй чуулган доторх ямар нэг байр суурьтай илүү холбогдож ойлгогдох тохиолдол их. Үүнтэй холбоотойгоор нийгэм дээр Христитгэлтэй холбоогүй ямар нэг ажил эрхэлж байгаа хүмүүсээ дэлхийлэг, харин чуулган болон түүнтэй холбоотой Христэч байгууллагад бүтэн цагаар үйлчилж, ажиллаж буй хүмүүсээ бурханлаг гэж хуваан үзэх төлөвшөөгүй хандлага тогтсон байдаг. Христэд итгэгчид бид бүгд энэ дэлхийн хаанчлал дунд аль ч талбарт байсан Бурханы хаанчлалыг илэрхийлж амьдрахаар дуудагдсан.
Ажил эрхлэлтийн талаарх ерөнхий ойлголт нь хувь хүний хувьд маш чухал. Бид хэн нэгэн үл таних хүнийг илүү мэдэх гэсэндээ та юу хийдэг вэ гэж асуудаг. Энэ асуулт нь таны мэргэжил юу вэ гэдгийг сонирхохоосоо илүүтэй тухайн хүний зэрэг зиндаа (статус), үнэ цэнэтэй холбогдчихдог.  Мөн уран бүтээлч, зохиолч, хөгжимчин зэрэг хүмүүс зөвхөн амь зогоохын тулд бус харин ч ажлаараа өөрийгөө илэрхийлж, сэтгэл хангалуун байдлаа энэ талбараасаа олж авдаг. Нөгөө талаар бүтээлч бус чанартай, давтагдах хэлбэрийн ажил хийдэг хүмүүсийн хувьд өөрсдийн үнэ цэнээ ажлаасаа мэдэрч чадахгүй байх нь олонтаа. Эдгээр нь өнөөгийн нийгэмд хувь хүн ажлаасаа амьдралын үнэ цэнээ мэдэрч, үүнээс нь зорилго, сэтгэл хөдлөл нь хамаарч байдгийг тодорхой харуулдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний үнэ цэнэ, зорилго, сэтгэл хөдлөл ийм байх ёстой юу? Ажил эрхлэлтийн талаар ямар байр суурьтай байх ёстой вэ?

АЖИЛ ЭРХЛЭЛТ НЬ ИТГЭГЧДИЙН ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ
Эхлэл номонд Бурхан бүтээлийн ажлаар эхэлсэн төдийгүй ажлын үр дүнгээ хараад “маш сайн” гэж үнэлсэн байдаг. Бүтээлээс эхлээд хүн төрөлхтөнтэй ажиллаж, эцгүүдийг сонгон, Есүс Христийг хүн төрөлхтний Золигчоор илгээн, Түүний байгуулсан чуулганаар дамжуулан хүмүүсийг Өөртөө татаж, эцсийн өдөрт шүүх зэрэг Бурханы үйл ажиллагаанаас бид Бурханы хөдөлмөрч зан хандлагыг олж хардаг. Үүгээр зогсохгүй Бурхан гарын бүтээл, ажил эрхэлснээрээ бидэнд Өөрийгөө илчилж байдаг (Дуулал 19). Үүнээс хүн төрөлхтөн Бурханы энэ “хөдөлмөрч” чанарын дагуу бүтээгдсэн төдийгүй хүмүүс ажиллах үедээ Бурханы тэнгэрлэг мөн чанар, санааг нь дууриан илэрхийлж байдаг гэдгийг ухаарах ёстой.
Хүн гэмд унахаасаа өмнө ажил эрхлэлтийн хувьд дэлхийг эзэмших, захирах, өсөн үржих, дүүргэх Бурханы ерөөл авсан. Үүний гол мөн чанар нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэнтэй холбоотой. Бурхан Өөрийн бүтээгч мөн чанарын зарим хэсгийг, хийж гүйцэтгэх ур чадварынх нь хамтаар хүмүүн төрөлхтөнд хариуцуулжээ. Энэ нь газар дэлхийг бүтээгдсэн зорилгынх нь дагуу нээн илрүүлэх, олж ухаарах, ойлгох, хөгжүүлэх, ашиглах гэсэн утгатай. Тэгэхлээр ажил гэдэг бол зүгээр санамсаргүй бий болж, хөгжсөн үйлдэл биш, харин ч хүмүүн төрөлтөн дэлхийд оршихуйн үндэстэй холбоотой салшгүй хэсэг нь болдог. Хүн гэм нүгэлд унаснаас хойш хөдөлмөрлөх шаардлага нь давтагдан хэлэгдсэн боловч нөхцөл байдал нь улам хүндэрч, шаардлага ихтэй, бэрхшээлтэй болсон байдаг (Эх 3:17-19, 23). Хэдий тийм ч Хуучин гэрээний номын туршид газар дэлхийг эзэмших эрх, үүрэг давтан хэлэгдэж, Шинэ гэрээнд хүмүүсийн газар дэлхийг эзэмшин захирах эрх бүрэн биелэгдээгүй боловч Христ алдар хүндэтгэлээр титэмлэгдсэн гэсэн (Еврей 2:8). Энэ нь Христийн золилт хүнийг өөрийнх нь хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжтой болгосон гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, Христийн хийсэн ажлаар дамжуулан Христэд итгэгч хүмүүс Бурханы өөрийнх нь амьдралд тавьсан зорилготой нэгдэх чадвартай болж, Христийн хүчээр үүргээ гүйцэтгэн, өдрөөс өдөрт Түүнийг гэрчлэн, жинхэнэ зорилгынхоо дагуу ажил эрхлэх боломжтой болсон юм.
Хэрэв Христэд итгэгчид бид Бурханы газар дэлхийг эзэмшиж, захиран зарцуул гэсэн ажил эрхлэлтийн тушаал, түүгээр дамжуулан хүн төрөлхтний амьдралын түвшинг сайжруулах гэсэн Бурханы хүслийг ойлговол үүнээс маш олон практик хэрэгжүүлэлт гарч ирэх боломжтой. Жишээлбэл энэ нь өөрийгөө болон өөрийн гэр бүлийг хангахад ашиглагдах ёстой (1Тимот 5:8). Ингэснээр Бурханы хүслийн дагуу өөрийгөө тэтгэн авч явж байгаагаараа бусдад гэрчлэл болох төдийгүй бусдаас хараат байдлаар амьдрахгүй байгаагаараа тэдэнд хандсан хайраа харуулж байгаа хэрэг болно (1 Тессалоник 4-12). Паул энэ санааг давтан хэрэв хэн нэгэн ажиллахгүй бол идэх ёсгүй гэсэн (2 Тессалоник 3:6-13). Тэрээр өөрөө шүүмжлэл хүлээн байж өөрийн амь зуулгын төлөө ажилласнаар тодорхой үлгэр жишээ харуулсан (Үйлс 20:33, 1Коринт 9:3-18). Энэ ажиллах тухай яриа нь эцсийн өдөр ойрхон байсан ч итгэгчдийг ажил хөдөлмөрөө зүрхшээхгүй үргэлжлүүлэх уриатай холбоотой (2 Тессалоник 3:3).
Христэд итгэгчид янз бүрийн гамшиг тохиолдоогүй, хэвийн нөхцөлд бол хүн нэг бүр өөрсдийгөө хангах хэрэгтэй боловч онцгой хэрэгцээ гарвал бусдыг хангах чадвартай байх ёстой (Галат 6:2-10). Ийм учраас хулгайч хүн ч гэсэн өөрийн үзэл бодлоо өөрчилж, бусдад хэрэгцээтэй үед нь туслах чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй болов (Ефес 4:28). Энэ нь эх дэлхийн нөөц баялаг бүгдэд тэгш хуваарилагдах ёстой гэсэн үндсэн зарчимтай нийцдэг байна (2 Коринт 8:13-15).
Дүгнэн хэлэхэд Христэд итгэгчид бид ажилласнаар Бурханы тушаалыг биелүүлж, Бурханыг хайрлаад зогсохгүй, өөрсдийгөө болон хөршийгөө хайрлаж, эрх чөлөөгөө бусдад үйлчлэхэд ашиглан, Христ Есүсийн алтан сургаалыг биелүүлдэг. Бид Бурханы хаанчлалыг энэ дэлхийд тунхаглах үүргээ гүйцэтгэж, өөрсдийн ур чадвар, боломж, нөөц баялгаараа Бурханы хүссэн зорилгыг биелүүлэхээр зорьдог.
   
АЖИЛ ЭРХЛЭХ НЬ БУРХАНЫ ДУУДЛАГА 
Христитгэл анх Европ тивд дэлгэрч байх үеийн Грек-Ромын соёл ажил хөдөлмөрийг зөвхөн боолчуудын хийх ёстой зүйл гэж ойлгож байв. Тэдэнд оюуны хөдөлмөр л жинхэнэ үнэ цэнэтэй зүйл, харин биеийн хөдөлмөр бол хамгийн дорд ажил гэж үзэх бүрэн үндэслэл байсан (Сонгодог үеийн гүн ухаантнуудын нөлөө). Харин Христитгэгчид “Есүс Христ мужааны ажил хийж байсан”, “элч Паул өөрийн Еврейн уламжлалаа дагаж худалдааны ур чадварт суралцсан байсан”, түүнчлэн Тессалоник номд “ажил хийхгүй хүмүүс хоол идэх ёсгүй” гэж уриалсан зэргээс харахад ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ийм нийгэмд өндөрт өргөсөн байдаг. Түүнчлэн Дундад зууны үеийн Католик сүмийн лам нар ажил эрхлэх үйлээ, мөргөл хийх үйлтэй адилтгаж ойлгож байжээ. 15-р зууны Протестант Шинэчлэлийн удирдагчид (Мартин Лютер, Калвин нар) мэргэжил, ажлын талбар бүрийг Бурханд үйлчлэх үйлчлэл гэж харсан. Ялангуяа Мартин Лютер ажил эрхлэлт нь Бурханд тааламжтай байгаад зогсохгүй Бурханд үйлчлэх нэг “дуудлага”(vocatio) гэж үзсэн байна. Энэ нь ямар ажил ч байсан дээд доод, сайн муу гэсэн ялгаа байхгүй бөгөөд Христэд итгэгч өөрийн ажил эрхэлж байгаагаараа Бурханд алдрыг өргөж байгаа гэж үзэгдсэн. Энэ нь “ямар” ажил хийх вэ гэх ойлголтоос “хэрхэн” юмуу “яагаад” хийх ёстой вэ гэдэг ойлголт руу шилжсэн байдаг. Ажил нь өөрөө чухал бус харин өдөр бүр хийж буй энэ үйлдлээ тухайн хүн Бурханд алдрыг өргөсөн, бусад хүмүүн төрөлхтөндөө үйлчилсэн хэлбэрээр хийж байгаа юу гэдгээс хамаарах болжээ. Тэгэхлээр ажлаар дамжуулан, ялангуяа Христэд итгэгчдийн ажлаар дамжуулан Бурхан энэ дэлхийд сайн сайхнаа харуулж, энэ дэлхийд үйлчилж байна гэсэн үг. Тийм учир бүхий л “сайн” ажил нь Бурханд тааламжтай бөгөөд хүмүүст Христэч үйлчлэл болж хувирдаг. Лютер үүгээрээ ажлын талбар бол Бурханы нуугдмал оршихуй (larvae Dei) гэж үзжээ.
Энэ нөхцөлд “бүтэн цагийн Христэд үйлчлэгч” пастор хүн юу болох вэ гэсэн асуулт гарч ирж болох юм.  Бурханы ерөнхий дуудлага ажлын талбарт байдаг. Шинэ гэрээнд Эзэн Есүс Христийн байгуулсан “чуулган” гэсэн онцгой биетэй хамааралтайгаар зарим онцгой үгийн үйлчлэлийн дуудлага дурьдагдсан. Тэрхүү үгийн юмуу хоньчлолын үйлчлэгч, “бүтэн цагийн үйлчлэл” гэдэг нэр томьёоноос хамаараад заримдаа ариун, ариун бус ажил гэсэн заагтай дуалист ойлголт төрөх тохиолдол бий. Энэ удаад энэхүү хоёр талбарыг эсрэгцүүлсэн дуалист байдлаар бус,  нийгмийн талбар дээр ажиллах нь буруу гэсэн ямар ч ойлголт библид байдаггүй гэдгийг дурьдах нь зөв. Паул майхан хийгч байсан, Лук эмч байсан гэдгийг бид Библиэс хардаг. Эдгээр хүмүүс энэ мэргэжлийнхээ улмаас буруутгагдаж байсан тохиолдол ер байхгүй. Харин ч тэд сайн мэдээнд голлон анхаарсаар байсныг харж болно. Тиймээс бид өөрсдийн ажлын талбараа хувь хүнд өгөгдсөн “дуудлага” гэж мэдрэх тохиолдолд бизнес танилцуулга хийсэн ч, хүүхдийн живх сольсон ч, хэн нэгнийг Христэд итгүүлэхээр дагуулсан ч ялгаагүй “ариун” ажил болж хувирна. Нөгөө талаар “харанхуй” сэтгэл, сэдэлтэй байгаа тохиолдолд залбирал үйлдэж, Библи судлал хийн, номлол хийсэн ч Бурханд алдрыг өргөсөн үйлдэл болж чадахгүй биз ээ. Үүний тод жишээ болсон фарисайчуудын тухай Библид давтагдан дурьдагдсан байдаг. Тэгэхлээр ямар мэргэжил гэдэг дээр анхаарал тавихаас илүү бидний мэргэжил бидний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнд ямар байдлаар оролцож байгаад анхаарах нь чухал байна.

АЖИЛ ЭРХЛЭХ НЬ МӨРГӨЛ ХҮНДЭТГЭЛ
Бүх харилцаа Бурханаас эхлэлтэй бөгөөд зөвхөн Христ Есүс дотор бүтээгдсэн (Үйлс 17:26-28, Колоссай 1:15-20). Тиймээс ажил мэргэжлийн харилцаа ч ялгаагүй. Боолчууд эздэдээ хүмүүст таалагдах гэж харцаар үйлчлэлгүй харин Эзэнээс эмээж Эзэнд үйлчлэх мэт дуулгавартай байна. Харин эзэд нь өөрсдийн дээрх тэнгэрлэг Эзэнээ санаж ялгаварлалгүй, шударгаар хандах ёстой байв (Колоссай 3:22 – 4:1, Ефес 6:5-9). Энэ бол харилцааны үндсэн зарчим. Христэд итгэгчдийн ажиллах болоод мөргөл хүндэтгэл өргөх хандлагын аль аль нь Бурханы өмнө ялгаагүй байх ёстой нь ажиглагдаж байдаг. Хэрэв Христэд итгэгчид Бурханы төлөө, Бурханд таалагдах гэж, Бурханаас эцэст нь шагнал (цалин) авна гэсэн хандлагаар ажиллах нь түүний ажиллаж буй шалтгаан болоод төлөв байдалд нь маш их нөлөөтэй (Энд бусад харилцаа ч ялгаагүй байгааг олж харах нь чухал. Жишээлбэл: эхнэр хүн “Эзэний таалалд нийцүүлж”, хүүхэд “Эзэнд таалагдах” байдлаар амьдрах талаар Колоссай 3:18-20д дурьдсан).
Хэрвээ тухайн хүн ажлын талаарх энэ ойлголтыг үл тоомсорлох, эсвэл хийсвэр зохиомол зүйл гэж үзэх тохиолдолд тэр хүн Хриситгэлтэй хүн үү, эсвэл Бурхантай харилцах харилцаагаа хийсвэр, зохиомол зүйл гэж үздэг эсэхийг асуух шаардлагатай.
Усан үзмийн цэцэрлэгийн болоод талантын тухай сургаалт зүйрлэлд дараах сургамжийг өгүүлдэг. Бурхан хүнд үүрэгт ажил, менежментийг даалгаж, түүндээ хариуцлагатай байхыг шаардсан. Энэ үүргийг ямар нэг шашны, эсвэл сүнслэг үүрэг хариуцлага бус хувь хүний амьдралын бүх талбарыг оруулсан гэж үзэх ёстой. Тиймээс Христэч хүн Бурханы өмнө ажил хөдөлмөрийнхөө тал дээр ч хариуцлагатай.
Энэхүү зарчмыг анхны үеийн элч нарын чуулганаас авахуулаад Дундад зууны католик чуулган, Протестант шинэчлэлийн үе, Орчин үеийн даяар чуулган бүгд ямар ч эргэлзээгүй хүлээн зөвшөөрдөг. 1905 онд Германы социологч Макс Вебер “барууны капитализмын гол амин сүнс бол Протестант ёс зүй” гэсэн ном гаргаж алдаршжээ. Энэ номд Шинэчлэлийн үеийн протестант удирдагчдын ажил мэргэжлийн талаарх библийн ойлголт өнөөгийн ажлын ёс зүйд маш хүчтэй нөлөө үзүүлсэн гэж дүгнэсэн. Хэдийгээр уг дүгнэлт зарим нэг социологч эрдэмтдийн хүчтэй шүүмжтэй тулгарсан ч Протестант ажлын ёс зүйн талаарх дүгнэлт өнөөдөр ч нөлөө үзүүлсэн хэвээр л байгаа. Ажил эрхлэлтийн талаар библийн ойлголтыг агуулсан энэ Протестант ёс зүйг зарим хүмүүс Христэч ёс зүй гэж нэрлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг нь тодорхой үндэслэлтэй. Тессалоникийн чуулганд элч Паул “ажиллах ёстой” гэсэн ерөнхий зарчмыг тавьснаас эхлээд зургадугаар зууны Бенедикт хэргэмийн лам “ажиллах бол залбирах юм” гэж тодорхойлох хүртэл Христитгэлд ажил мэргэшлийн ёс зүй асар том нөлөөтэй байсан. Тэр ч байтугай практикт Паул сайн мэдээний ажлын хажуугаар худалдааны чадвартай байснаас улбаатай Сүмийн эцгүүдийн үед дагалдагч бэлтгэх чуулганы боловсролдоо ажиллах чадварыг хүртэл заадаг байсан аж.  Энэхүү Католик итгэгчийн “ажиллах нь залбирах” гэсэн зарчмыг өнөөдөр бид нэгэн дуугаар “ажиллах бол хүндэтгэл мөргөл өргөх явдал” гэж хэлэх боломжтой.
Эцэст нь хэлэхэд, өөрсдийн ажил мэргэжлээ зайлшгүй хийх ёстой амьдралын салшгүй нэг хэсэг эсвэл Бурханы дуудлага, эсвэл Эзэнд хүндэтгэл өргөж Түүнийг хайрлах үйл гэж үзэх нь дуудагч Бурханы дуу хоолойг ялган мэдэхээс хамааралтай. Ялангуяа бүтээгч Бурханыг мэдэх, мөн Түүний дуу хоолойг ялган танихаас голлон хамаарна. Хэрвээ бид Бурханы энэ дэлхий дэх сайн ажилд нь найдвараа тавьж, Түүний биднийг энэ ажлын талбарт бүтээж, хэлбэршүүлсэн гэж итгэж байгаа л бол галч, харуул манаач, улс төрч, хосписын сувилагчийн алинаар ч Бурханд дуудах боломжтой. Бурхан биднийг хэрхэн бүтээсэн бэ, Бурхан ямар арга замаар бодож, ямар арга замаар хайрлаж байна вэ гэдгийг бид таньж мэдэх тусмаа илүү Бурханы дуудлага миний амьдралд байгаа гэдгийг мэдэрч итгэх болдог. Иймээс Христэд итгэгч ажил эрхлэлтийн талаар тогтсон Христэч үзэл баримтлалтай болж, үүнийгээ тодорхой ойлгох нь ажлаас ирж буй дарамтын эсрэг сөрөг үйлдэл гаргахаас сэргийлээд зогсохгүй, Христэч үнэ цэнийн дагуу амьдрахад үлэмж дэмжлэг авчирна.

Нийтлэлийг бичсэн: Г.Лувсангомбо

Эх сурвалж:
1.      Grant Thorpe, A Christian View of Work and Vocation, 1999:
(http://www.corobaptist.org.au)
2.      Schmidt, A.J. How Christianity Changed the World, Zondervan, 2004.
3.      Bohlin, Sue, Your Work Matters to God, Probe Ministries: (www.probe.org)
4.      Question: "What does the Bible say about work?", Gotquestions Ministries: (www.gotquestions.org)