Эш үзүүлэгч Иеремиа МЭӨ 7-р зууны сүүлч, 6-р зууны эхээр амьдарч байжээ. Шүтээн шүтлэг, нүгэл хилэнцийн улмаас энэ үндэстэн дээр Бурханы илгээсэн сүйрэл айсуй гэдгийг тэрээр үйлчлэлийнхээ он жилүүдийн туршид анхааруулж амьдарсан хүн юм. Түүний эш үзүүллэг биелж, Вавилоны Небухаднезар хаан Иерусалимыг сүйрүүлэн ЭЗЭНий өргөөг нурааж, Иудагийн хааныг олон ард иргэдийнх нь хамт олзлон одохыг тэрээр нүдээр үзсэн байна. Гэсэн ч энэ хүмүүсийн зарим нь буцан ирж, үндэстэн сэргэх тухай ч мөн тэр зөгнөн хэлсэн байдаг.
Иеремиа номыг 1) Иеремиагийн дуудлага; 2) Иосиа, Иехоиаким, Иохоахин болон Зедекиа хаадын хаанчлалын үеийн удирдагчид ба Иудад хандсан Бурханы мэдээ; 3) Иеремиагийн амьдралын чухал үйл явдлууд болон бусад эш үзүүлэгчдийн тухай бичиж үлдээсэн, түүний туслах Барухын дурдатгалаас ирсэн мэдээ; 4) Зарим үндэстний талаарх ЭЗЭНий үг; 5) Иерусалимын уналт ба Вавилоны олзлолын тухай мэдээлсэн түүхийн хавсралт мэдээ гэсэн хэсгүүдэд хуваан үзэж болно.
Айсуй шүүлтийн талаар тунхагладагт нь зэвүүрхэж, өөрийг нь үзэн яддаг тэр л ард түмнээ хайрладаг эш үзүүлэгч маань өөрөө их эмзэг хүн байжээ. Бурханаас түүнийг эш үзүүлэгчээр дуудсаны учир зарим хэргийн төлөө ихэд шаналан зовж сэтгэлийн гүн хөдлөлөөр ярьж байгаа хэсгүүд энэ номд олон бий. Бурханы үг түүний цээжинд гал мэт асаж байсан тул тэрээр саатуулж барьдаггүй байсан юм. Иеремиагийн бэрхшээл зовлонт үеийг өгүүлэхийн зэрэгцээ Бурханы хүмүүсийн цээжинд Бурханы үг бичигдсэн байх тул тэд сануулан сургах багшгүйгээр Бурханы шинэ гэрээг сахих цаг үеийн тухай мөн өгүүлдэг нь эл номын гайхамшигт санаа билээ.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи ИЕРЕМИА номын тайлбар/