Иов ном нь их зовлонд унаж шаналсан нэгэн сайн хүний тухай түүх юм. Тэр хүн үр хүүхэд, эд хөрөнгөө бүгдийг алдаж, муухай өвчинд баригджээ. Энэ бүх гуниг зовлонд Иовын нөхөд болон Иов хэрхэн хандаж байгааг гурван хэсэг шүлэглэлт харилцан яриагаар дүрсэлжээ. Номын төгсгөлд энэрлээрээ бүгдийг гайхалтайгаар шийдвэрлэсэн Бурхан Өөрөө Иовд харагддаг юм. Харин Иовын нөхөд нь түүний зовлонгийн шалтгааныг шашны уламжлалт ойлголтоор тайлбарлаж байв. Бурханы өмнө сайн нь шагнагддаг, нүгэлтэй нь шийтгэгддэг гэсэн тэдний үзлээр бол Иовын зовлон нь түүний нүгэлтэйг илтгэж байсан хэрэг байлаа. Харин Иовын хувьд тэрээр үнэхээр зөвт сайн хүн байсан тул энэ мэт хэрцгий шийтгэл түүнд ногдох учиргүй гэсэн их энгийн ойлголттой байв. Түүн шиг хүнд Бурхан яагаад ийм их хөнөөлтэй зүйл тохиолдохыг зөвшөөрч байгааг ойлгож чадахгүй байсан Иов зоригтойгоор Бурхантай маргадаг. Иов итгэл алдалгүйгээр, Бурханы өмнө зөвтгөгдөж сайн хүн гэсэн алдраа эргүүлэн олж авахыг хүсдэг юм.
Иовын асуултад Бурхан хариулаагүй ч, тэнгэрлэг хүч, мэргэн ухааныг нь шүлэглэн зураглаж өгүүлсэн Иовын их итгэлд нь харин хариулсан юм. Иов хилэнт үгсийг хэлсэндээ гэмшиж, Бурханы аугаа болоод мэргэн гэдгийг даруугаар хүлээн зөвшөөрдөг.
Иов хэрхэн дахин сэргэж урьдынхаасаа ч илүү агуу их болсныг төгсгөлийн хүүрнэл хэсэгт харуулжээ. Иовын зовлонгийн тухайд буруу ойлголттой байсан нөхдийг нь харин Бурхан донгодсон бөгөөд анхнаасаа ганц Иов л Бурханыг уламжлалт шашны дүрслэлээс өөрөөр харж, илүү аугаа гэдгийг нь ойлгож ухаарсан байлаа. 
/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Иов номын тайлбар/