БУРХАН БИДНИЙ ГЭМ НҮГЛИЙГ ЯАДАГ ТУХАЙ

БУРХАН БИДНИЙ ГЭМ НҮГЛИЙГ ЯАДАГ ТУХАЙ

Та саяхан хийх ёсгүй ямар нэг зүйл хийсэн үү? Тэгвэл Библи дэх урам зоригийн дараах үгийг уншаарай.
“Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тань шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр уур хилэнгээ мөнхөд үл хадгална. Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.” (Мика 7:18-19)
Энэ ишлэлийг Хуучин Гэрээний үеийн Мика эш үзүүлэгч бичжээ. Түүний ашигласан үгэн дүрслэлд би үнэхээр дуртай. Тэр бичихдээ Бурхан нигүүлслийнхээ улмаас бидний гэм нүглийг Өөрийнхөө агуу том хөл дор тоос шороо болтол гишгэчинэ гэжээ. Библид манай дэлхийг Бурханы хөлийн гишгүүр гэж хэлсэн байдаг. Бурханы хөл ямар агуу том болохыг та төсөөл дөө! Та хортой аалзтай дахин хэзээ ч таарахгүйн тулд түүний дээрээс хөлөөрөө дэвсэлдэг шиг Бурхан бидний гэм нүглийг хөлөөрөө гишгэчдэг юм.
Дараагийн үгэн дүрслэлдээ Мика хэлэхдээ Бурхан бидний нүглийг тэнгисийн гүн рүү хаядаг гэжээ. Бурхан нүглийг маань далайн эрэгтэй ойрхон газар хаяагүйг анхаараарай. Нүгэл маань далайн давалгаагаар эргээд эрэг дээр түрэгдэн гарч бид дахиад л гэм нүглээ үргэлжлүүлэхгүйн тулд тэгж хол хаядаг юм. Бас нүглийг маань зүгээр л далайд унагаадаг гэж хэлээгүй. Огтхон ч тэгээгүй шүү. Бурхан нүглийг минь хаядаг, нүглийг маань шиддэг, нүглийг маань дүүгүүрдээд холоо цөлдөг. Аливаа цаг үед амьдарч байсан хамгийн агуу бейсболын тамирчнаас ч илүү нарийвчлалтайгаар Бурхан нүглийг маань далайн гүн рүү хаядаг. 
Ингэснээр бид дахин нүгэлтэйгээ нүүр тулахгүй юм. Тэгээд дараа нь, Корри тен Буумын хэлсэн ёсоор, нүглийг маань хаясан газраа Бурхан “Загасчилж болохгүй” гэх тэмдгийг тавьдаг юм.
Библийн өөр нэг ишлэл дээр Бурхан бидний гэм нүглийг маш хурдан замхарч алга болдог өглөөний шүүдрийг газар унагах мэт арчиж хаяна гэжээ. (Исаиа 44:22) Бас Библийн өөр нэг хэсэг дээр Бурхан бидний нүгэл хилэнцийг арчин хаяж дахин хэзээ ч дурсдаггүй гэжээ. (Исаиа 43:25)
Алив ээ, нөгөө хийх ёсгүй гэдгийг мэдсээр байж хийсэн зүйл чинь байна шүү дээ? Та түүнийгээ яг одоо Бурхантай хамт шийдвэрлэвэл ямар вэ? Хийсэн гэм буруугаа Түүнд улайж, Түүнээс уучлал өршөөлийг гуйгтун. Тэгээд Бурхан таны гэм нүглийг далайн хамгийн гүн рүү хэрхэн хаяхыг хараарай. Түүний дараа та гайхамшигтай амар тайван дотор амьдарч, эрч хүч урам зоригоор дүүрэх болно.