АЛДАА ЮУ ЭСВЭЛ СОНГОДОГ БҮТЭЭЛ ҮҮ?

АЛДАА ЮУ ЭСВЭЛ СОНГОДОГ БҮТЭЭЛ ҮҮ?

Миний нэг найз надад нууцаа дэлгээд “Би насан туршдаа хэтэрхий өндөр болохоор зовсон” гэж ярьсан юм. Тэр сургуульд анх орсон өдрөө л гэхэд ангийнхаа бусад хүүхдүүдээс 30-аад сантиметр өндөр байжээ. Өдөр бүр хүүхдүүдэд дооглуулдаг болохоор тэднээс зугтан сургуулиасаа уйлсаар гүйж ирдэг байсан байна. Түүнийг 13 настайд эцэг эх нь өсөлт зогсоох эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтүүлсэн боловч ямар ч нэмэр гараагүй байна. Найз маань өөрийгөө маш том алдаа гэж бодсоор өсжээ.
Харин тэр өөр бусад талбарт алдсанаа нөхжээ. Маш сайн дүнтэй сурч, дөрвөн хэл эзэмшиж, биеийн тамирын хичээлд амжилтууд гаргасан байна. Эцсийн эцэст хуульчийн мэргэжлээр хэргэм зэрэг авч төгсөөд, ажилдаа өндөр амжилт гаргажээ. Гэхдээ бүхий л хүрч эзэмшсэн зүйлээсээ хамааралгүй Бурхан өөрийг нь бүтээхдээ алдаа гаргасан гэсэн зовууртай мэдрэмжтэй байсаар байжээ.
Тэгээд би найз руугаа хараад түүнээс ингэж асуулаа: “Бурхан чамайг өндөр хүн байлгахыг хүссэн гэдгийг чи ер нь бодож үзсэн үү? Энэ бол зүгээр л генетикийн гажуудал биш гэж бодож байсан уу? Миний бодлоор, Бурхан чиний амьдралыг сонгодог бүтээл болгохыг хүссэн учраас чамайг яг өндөр том жааз мэт өндөр болохыг зөвшөөрсөн байх. Уран бүтээлч бүр шилдэг зургаа тодотгох жаазыг сонгодог шүү дээ. Хэрэв чамайг Бурхан дундаж өндөртэй болгохыг хүссэн бол тэгж л бүтээх байсан шүү дээ. Чиний бие чинь Тэнгэрлэг Зураачийн сонгодог уран бүтээлд зориулсан жааз юм шүү.” гэсэн юм.
Та ч бас адилхан асуудалтай байж магадгүй. Та бие махбодын асуудалтай, эсвэл бүр хөгжлийн бэрхшээлтэй байж магадгүй. Эсвэл хүмүүс таныг юунд ч нэмэргүй, олиггүй гэж хэлээд амьдралыг харах өнцөг чинь гажиж, та тэдний үгэнд итгэсэн байх боломжтой. Та онцгой нэгэн болох байсан ч эцсийн үр дүнд тэрэнд найдахаа больсон байж ч болох юм.
Магадгүй Бурханд найдахаа ч больж, таныг бүтээснээр Бурхан алдаа гаргасан гэж үзэх болсон байх ч магадлалтай юм.
Тэгвэл би танд хэлье. Үгүй, та бол алдаа биш. Та бол Бурханы сонгодог бүтээл болох хүн юм шүү. Таны дотроос Бурхан Өөрийн хүч, алдар, хайр болон бүтээлч байдлаа үзүүлэх гэж байна. Библид ингэж өгүүлснийг санаарай: “Учир нь бид ... Түүний бүтээл мөн ...” (Ефес 2:10) гэсэн байдаг юм.  Тэргүүн Бүтээгч юу хийж байгаагаа мэддэг гэдэгт итгээрэй. Энэ үед та гайхамшигтай урам зоригийг  авах болно.