АМЬДРАЛЫГ ХАРАХ ӨНЦӨГ

АМЬДРАЛЫГ ХАРАХ ӨНЦӨГ

Хэрэв Библийн Дуулал номны 73-р бүлэгт гарчиг өгөх байсан бол би энэ бүлгийг “Амьдралыг харах өнцөг” гэж нэрлэх байсан. Бүлгийн эхэнд зохиолч үнэхээр дорд байдалтай, ёроолд хүрэхэд бэлэн болсон. Сайрхагчид, ёс бус хүмүүсийн хөгжил амжилтыг хараад зохиолч атаархжээ. Тэр хэлэхдээ “Тэд ... зүдүүргүй агаад бие хаа нь тарган юм. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй ... Үргэлж санаа амар байж эд   хөрөнгөө тэд арвижуулна. Үнэндээ би зүрхээ дэмий л зэмгүй цэвэр байлгаж” гэсэн байна.
Танд бас тийм мэдрэмж төрж байсан уу? Гэхдээ үнэндээ ийм байдаг гэж үү? Гэм буруутнууд асуудал бэрхшээлгүй байдаг юмуу? Мэдээж, үгүй шүү дээ. Тэд яг л бусдын адил өвчин тусаж, бэрхшээл тэмцэлтэй байна. Харин хүн хахир хэцүү цагийг туулахдаа харах өнцөг нь гажиж, юмыг байгаагаар нь харж чадахаа л больдог.
Гэтэл дараа нь нэг зүйл болж, дуулал номны бичсэн хүний хараа өөрчлөгджээ. Тэр Бурханы оршихуйд ороод “Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан” гэж тэр хэлжээ. Тийм ээ, буруу зүйл үйлдэгчид хэсэг хугацаанд хөгжин цэцэглэж магадгүй. Гэвч эцсийн эцэст Бурхан бүх хүнд тэгш хуваарилна.
Дуулал номыг бичсэн хүн Бурханы оршихуй дотор хэсэг хугацаагаар байчихаад Бурхантай харилцах харилцаа амьдралыг хэрхэн өөр болгодогийг ойлгосон юм.
Тэр бичихдээ: “Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, хожим намайг сүр жавхланд угтан авна... Бие махбод хийгээд зүрх минь үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад, хувь ногдол минь юм” гэжээ. Ямар мундаг итгэл вэ! Хараа нь ямар их өөрчлөгдөө вэ!
Пастор Чак Гёрвиг (Chuck Gerwig) “Шуурган дунд байхдаа Бурханыг үзэх үзлээ бүү боловсруул” гэж дандаа хэлдэг юм. Зөв сайн зөвлөгөө байна, пастор Чак. Учир нь та хүнд хэцүү цагийг туулж байхад таны харах өнцөг гажиж аливаа юм шал өөр дүрстэй харагдана. Өөр бусад хүн бүхэн танаас илүү сайн сайхан байгаа юм шиг танд санагдана.
Тиймээс эргэн тойрны чинь хүмүүст тохиолдож байгаа асуудлыг хараад түүнд түшиглэн дүгнэлт битгий гаргаарай. Харин Бурханы Үгэнд Түүний тухай юу гэж хэлсэн гэдэгт тулгуурлан итгэлээ нэмэгдүүлээрэй. Тэгвэл дараагийн удаа танд асуудал бэрхшээл нүүр тулаад ирэхийн цагт та Бурханыг зүрх сэтгэлийн чинь хүч чадал байсныг олж харах болно. Тэгвэл та амьдралыг Түүний харах өнцгөөс харна. Амьдралыг Бурханы харах өнцгөөс харж сурах нь маш том урам зориг байдаг юм шүү.