НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Мөнхийн улсын найдвар

Өнөөдрийн бидний хүлээн авч сонсох “Иохан Патм арал дээр” хэмээх драмыг Библийн Илчлэл номоос сэдэвлэсэн юм. Есүсийг тэнгэр өөд одсоны дараа Түүний дагалдагч нар Есүсийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авч, Түүнд итгэсэн хүн бүр авралыг авах болно гэсэн сайнмэдээг газар бүрт тунхаглаж эхэлсэн байдаг. Гэвч Есүст итгэгчдийн эсрэг Ромын засаг захиргаа маш хүчтэй хавчлагыг өрнүүлсэн юм. Тухайн үед Ромчууд эзэн хаанаа бурханчлан шүтдэг байсан учир эзэн хаанаас өөр нэгнийг бурхан хэмээн тунхаглахыг хориглож, үүнээс нь зөрсөн бүхнийг хайр найргүйгээр нугачин дарж байсан юм. Тиймээс ч тэр үеийн Есүс Христэд итгэгчдэд гарцаагүй тулгарсан хавчлага зовлон, үхлийн өмнө итгэл найдвар юу юунаас илүү хэрэгтэй байлаа.
Тэр үед Есүсийн дотны дагалдагч нар бараг бүгд итгэлийнхээ улмаас амиа алдсан байв. Харин элч Иохан итгэлийнхээ улмаас Патм арал руу цөлөгдсөн байлаа. Харин Патм арал дээр байхдаа Иохан тэрхүү хүнд хэцүү цаг үед итгэгчдэд дамжуулах итгэл найдварын үзэгдлийг үзсэн юм. Түүний бичсэн үгс өнөөдөр ч хавчлага дарамтан дор амьдарч буй итгэгчдэд итгэл найдварыг өгсөөр байна. 
Ингээд “Мөнхийн улсын найдварын” талаар Иохан Патм арлаас юу бичсэнийг хамтдаа хүлээн авч сонсоцгооё.