ЕСҮСИЙН ЗАМНАЛ

ЕСҮСИЙН ЗАМНАЛ

Нэгэн илгээлтийн эзэн Америкийн индианчуудын настай тэргүүнд Есүсийн түүхийг ярьж өгчээ. Есүс бидний гэм нүглийн төлөөсийг өгөхийн тулд хэрхэн загалмай дээр амиа өгсөн тухай ярьсан байна. Уг нь илгээлтийн эзэн тэр настай тэргүүнийг Христийг мөнх амьдралын цорын ганц найдвар гэж хүлээж аваасай гэж хүссэн юм. Гэтэл настай тэргүүн толгойгоо сэгсрэн “Есүсийн замнал сайн юм байна. Гэхдээ би индианчуудын замналаар бүхий л амьдралынхаа турш дагасан. Би энэ замаа эцсийг нь хүртэл дагана” гэжээ.
Нэг жилийн дараа настай тэргүүн үхэл амийн ирмэг дээр ирчихсэн байлаа. Үхээд харанхуй хөндийгөөр алхах замаа эрэлхийлж байсан учраас тэр илгээлтийн эзэнд хандан “Одоо би Есүсийн зам дээр гарч болох уу? Миний өөрийн зам энд хүрээд дуусаж байна. Миний зам энэ харанхуйн хөндийгөөр гарч чадахгүй” гэж хэлжээ.
Зөвхөн амьд байх цагт сайн сайхан үр нөлөөтэй боловч энэ амьдрал дуусгавар болоход танд ямар ч гарцыг өгч чадахгүй итгэл үнэмшилтэй байх үнэхээр эмгэнэлтэй юм. Үнэндээ амьдрал дуусах үед бидэнд тусламж хамгаас их хэрэгтэй шүү дээ. Тэгвэл танд сайн мэдээ хэлье: Есүсийн замаар явбал үхлийн харанхуйн хөндийг даван туулах арга байна. Хүн бүхний дуртай Библийн Дуулал 23-р бүлэгт: “Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт ...” гэж хэлсэн байна. (Дуулал 23:4) Үхлийн харанхуйн хөндийг давах зам бий гэж Бурхан бидэнд айлдаад зогсоогүй тэр хөндийгөөр туулах замаар Тэр Өөрөө бидэнтэй хамт явна гэжээ.
Та Есүсийн замыг хаанаас олох вэ? Есүс айлдахдаа: “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэж хэлсэн. (Иохан 14:6) Энэ асуудлыг шийдвэрлэх гэж амьдралынхаа төгсгөл хүртэл хүлээх шаардлагагүй. Өнөөдөр Есүсийн зам дээр хөлөө тавиарай. Тэгвэл та ямар ч “хор муугаас үл айна”. Учир нь Тэр таныг амьд байхад ч, үхэл нөмөрсөн хойно ч  тантай хамт явах болно. Энэ бол амьдралын гайхамшигтай урам зориг юм.