САЙН ДУРЫНХАН

САЙН ДУРЫНХАН

Хүмүүст хүрч ажиллаж, амьдралд нь өөрчлөлтийг авчирдаг аливаа байгууллагад энэ бүхнийг бий болгодог хэсэг хүмүүсийн тус заавал хэрэгтэй байдаг. Та ч бас магадгүй тэр бүлэг хүмүүсийн нэг байх л даа. Тэр хүмүүсийг сайн дурынхан гэж нэрлэдэг. Өө тийм, ихэнх байгууллагуудад бас цалинтай ажилчид гэж байдаг л даа. Гэхдээ өөрийгөө умартан маш шаргуу ажилладаг сайн дурынхан хэрэв байгаагүйсэн бол тэр байгууллагын цалинтай ажилтнууд тэр бүх ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй нь тодорхой юм. Сайн дурынхны хийдэг зүйл гэвэл томшгүй олон дугтуйнд захидал хийх, янз бүрийн эвдэрсэн зүйл засах, өргөл хандив тоолж бүртгэх, хийгдэх шаардлагатай аливаа аар саар ажлыг хийх юм. Би сайн мэднэ. Учир нь тэднийг манай байгууллага болох Мэргэн зөвлөмж олон улсын байгууллагад хэрхэн ажиллаж байгааг би харсан. Тэд байгаагүйсэн бол бид хийдэг зүйлсээ хийж амжихгүй байсан байх.
Би Библи дотроос сайн дурынхны талаар хоёр ишлэл олсон юм. Тэр хоёр ишлэлийг бичсэн хүн тэдний төлөө “Эзэн магтагдагтун!” гэж хэлэхэд хүрчээ. Энэ тухай хуваалцъя. Барак Дебора хоёр Канаан нутгийн Сисера хааны эсрэг шийдвэрлэх тулааныг удирдаж байжээ. Сисера хаан Израилийг хорин жилийн турш харгисаар дарамталсан хаан юм. Израилийн тэр хоёр удирдагч дангаараа тэр тулаанд ялах ямар боломжгүй байж л дээ. Ялалтыг байгуулахад тэдэнд сайн дурын дайчид хэрэгтэй болжээ. Сайн дураараа тулаанд оролцсон дайчид тулааны үйл явцыг орвонгоор эргүүлж, Израильчууд хол давуу зөрөөтэйгөөр ялалт байгуулсан юм.
Тулааны дараа хүмүүс “Израильд тэргүүнүүдийг тэргүүлүүлж, ардуудыг нь зүтгүүлсэн ЭЗЭНийг магтъя” гэх үгтэй магтуу дуу дуулцгаажээ. (Шүүгчид 5:2)
Аливаа байгууллагын тэргүүн, аливаа сүм чуулганы пастор энэ магтаалын үгтэй санал нэгдэнэ гэж би боддог. Хүмүүс хамтран зүтгэхээр сайн дураараа ирэхэд аливаа тулааныг ялах үүд хаалга нээгддэг юм! Цаашлаад, магтуу дуугаа үргэлжлүүлэн өөр нэг эшлэлд тэд “Миний зүрх Израилийн жанжингууд болон ардуудын дундаас сайн дураараа зүтгэгчдийнх. ЭЗЭНд талархъя” гэж дуулцгаажээ. (Шүүгчид 5:9)
Хэрэв та хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахаар цаг заваа сайн дураараа зориулдаг хүн юм бол өнөөдөр би танд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Тухайн үед хүмүүс таны хийсэн зүйлийг төдийлөн анзаарахгүй байж болно. Таны хийж байгаа бүхэн тайзны ард үлдэж магадгүй. Гэхдээ нэг өдөр таны нэрийг тэнгэрийн улсад неонон гэрлээр бичиж хүн бүхэнд харуулах болно. Есүс айлдахдаа: “... нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө” гэжээ. (Матай 6:4) Түүний хаанчлалын төлөө сайн дураараа, хариу нэхэлгүйгээр зүтгэх урам зориг танд хэрэгтэй байна уу? Тэгвэл та Есүсийг таны төлөө юу хийснийг санаарай.