ТӨӨРӨГДӨГСДИЙГ ХАЙХУЙ

ТӨӨРӨГДӨГСДИЙГ ХАЙХУЙ

Нэгэн мэргэжлийн шумбагч хүний гэрт голдоо цаас хавчуулсан далайн хясаа байжээ.
Тэр хүн нэг удаа далайн ёроолд шумбаж байхдаа аманд нь цаас ороод бөглөрсөн хясаа олж харжээ. Тэр хүн цаасыг хясаанаас салгаад, өөрийнхөө хамгаалагч шилэнд ойртуулан харжээ. Гэтэл тэр цаасан дээр нь хэрхэн Христитгэгч болохыг өгүүлсэн Сайн Мэдээний товхимол байсан байна. Тэр товхимлыг уншсан хэн ч гэсэн нүглээсээ эргэж гэмшихэд хүрэхээр хүчтэй уриалгатай товхимол байжээ.
Гайхаш тасарсан шумбагч дотроо “Бурхан намайг олж авах гэж ийм их зүтгэл гаргасан юм чинь би Түүнээс цаашид зугтаж чадахгүй юм байна” гэж бодсон байна.  Тэгээд далайн ёроолдоо байхдаа л нүглээ гэмшин, Есүс Христэд итгэжээ. Бурхан тэр хүний амьдралыг өөрчлөхөд хясааг ийнхүү ашигласан юм.
Закхай бол татвар хураагч байжээ. Хүмүүсээс хэт өндөр татвар хурааж, халаасандаа хийдэг байсан болохоор тэр нэлээд хөрөнгөтэй болсон. Есүсийг Иериход ирсэн өдөр Закхай бас тэнд байж, Есүстэй уулзахыг үнэхээр хүссэн юм. Гэхдээ Майкл Жордан шиг өндөртэй биш болохоор Закхай цугларсан олны цаанаас Есүсийг харах ямар ч боломжгүй байсан. Тэгээд тэр Есүсийн явж магадгүй гээд ойролцоох газрын нэгэн модонд авирчээ. Есүс тэр газарт хүрээд шууд л дээш харж “Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой” гэжээ. Мэдээж Закхай Түүнийг баяртайгаар угтсан байна. Харин олон түмэн “Есүс ‘нүгэлтнийд’ хоноглох гэнэ” гэж дургүйцжээ.
Закхайн хувьд “Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө” гэжээ. Есүс түүнд “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ ... Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” гэж хэлжээ. (Лук 19:1-10)
Хэрэв өнөөдөр Бурхан танд тод томруунаар үгээ хэлж байгаа бол та Түүнд ямар нэг хариу хэлэх цаг болсон гэж бодохгүй байна уу? Та далайн ёроолд байсан ч, эсвэл модон дээр авирсан юмуу машинаа жолоодоод ажилдаа явж байсан ч хамаагүй Тэр таныг харж байна. Тэр таныг дуудаж байна. Тиймээс та Түүнд хариу хэлэх цаг болсон.