СҮНСЛЭГ ХҮЧИЛТӨРӨГЧ

СҮНСЛЭГ ХҮЧИЛТӨРӨГЧ

Онгоц дээшээ хөөрөхөд бэлэн болоход үйлчлэгч эмэгтэй хэзээд давтаж уншдаг аюулгүйн зааварчилгааг зорчигчдод уншиж өгчээ. “Хэрэв онгоцны бүхээгийн даралт алдагдах юм бол хүчилтөрөгчийн маск доошоо унжина.” Дараа нь тэр “Хэрэв та хүүхэдтэйгээ аялж байгаа бол хүүхдийнхээ маскийг зүүлгэхээсээ өмнө өөрийнхөө маскийг баталгаатайгаар зүүсэн байгаарай” гэж нэмж хэлжээ. Яагаад тэгэх ёстой гэж? Мэдээж, хэрэв та өөрөө хүчилтөрөгч дутагдлаас болж ухаан алдвал хүүхдэдээ тусалж чадахгүй болно шүү дээ. Энэ бол ойлгомжтой зүйл юм.
Гэтэл хүүхэд хүмүүжүүлэх дээр тулахаар ээжүүд бид хүүхдийнхээ хэрэгцээг өөрийнхөөсөө өмнө хангах ёстой юм шиг мэдрэмжтэй байдаг. Танаас бусад нь бүгд сайн хооллох хэрэгтэй, хангалттай хэмжээгээр амрах хэрэгтэй, зохих ёсоор биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Бүгд гэдэг нь Ээж болох танаас бусад хүнийг хэлж байгаа юм шүү. Заримдаа ээжүүд бид ядарч цуцаад яг ухаан алдахаас нэг хуруу зайтай болчихсон байдаг.
Өөрийгөө гэр бүлийнхээ төлөө золиослох нь үнэхээр хайраар дүүрэн юм шиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ амьд үлдэхийн тулд бид гэр бүлийнхээ хэрэгцээг хангах болон өөрийнхөө хувийн хэрэгцээг хангалттай хэмжээгээр хангаж тэнцвэрийг нь олох шаардлагатай юм шүү. Эцсийн эцэст ээж бүхэн эхлээд эмэгтэй хүн байснаа дараа нь эх хүн болдог шүү дээ.
Ялангуяа сүнслэг нөөцийг яривал ээжүүд ихэнхдээ юм юмаар дутагдсан байх нь их тохиолддог. Би гурван балчир хүүхдээ өсгөх жилүүдэд маш гүн гүнзгий сүнслэг амьдралтай байх ямар ч боломжгүй санагддаг байсан юм.
Библийг нарийн нягт судлах юмуу удаан хугацаагаар залбирлын цаг гаргах зав надад үнэндээ гардаггүй байлаа. Би өглөө эртхэн босоод Библи унших гэтэл заавал хүүхдүүдийн нэг нь дагаад эрт сэрчихнэ. Би угаалгын өрөөнд ороод хаалгаа тас түгжин өөртөө цаг гаргах гэтэл хүүхдүүдийн нэг нь заавал “Ээж ээ” гээд хашхиран дуудна. Заримдаа л хамгийн сайн хийж чаддаг зүйл маань явуут дундаа хэдхэн ишлэл гүйлгэж уншаад, “Эзэн минь, надад туслаач гээд” хэмээн цөхрөлийн залбирлыг илгээдэг байлаа.
Тиймээс ээжүүдэд хандан би зөвлөгөө өгье. Хэдэн өдрийн турш Библиэ уншиж чадахгүй, богинохон залбирч байвал бүү сандарч тэвдээрэй. Та сүнслэг хүчилтөрөгчгүйгээр удаан амьдарч чадахгүй гэдгийг л байнга бодолдоо тээж яваарай. Учир нь Есүс айлдахдаа: “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэсэн байдаг юм шүү. (Матай 4:4)