ЗОРИГТОЙ ЯРИХУЙ

ЗОРИГТОЙ ЯРИХУЙ

Франсис Хейвэргал бол 1800-гаад оны үеийн Английн магтуу дууны үг, аяыг зохиогч хүн юм. Тухайн үед тэр эмэгтэй дээр дууны хичээл заалгахаар хэсэг охид ирдэг байжээ. Тэдний хамтдаа сайхан өнгөрүүлдэг цаг бол хичээлийн дараах зугаалга байсан байна. Тэгэхэд Франсис тэднийг гаргаж өгөнгөө гудамжаар уруудан явдаг байжээ. Тэгж л тэд илүүхэн цаг гарган хоорондоо ярилцдаг байсан байна.
Хэдэн жилийн дараа тэдгээр охидын нэг нь хүнд өвчин тусаад, хөгжмийн зохиолч эмэгтэй түүн дээр ирж орных нь хажууд суужээ. Тэгэхэд тэр охин Христитгэгч болчихсон байжээ. Тэр Франсистэй нэг нууцаасаа хуваалцжээ. Урьд нь дууны хичээлд сууж байхдаа охин Христ итгэлт болох гэж хүсдэг хэдий ч юм асуухаас ичиж зовдог байснаа хэлсэн байна. Тэгээд өөрөө асуулгүй, харин Франсис багш эхлээд энэ тухай яриа өдөх болов уу гэж хүлээсээр байж л дээ. Үнэндээ тэр охин тийм их “өлсөж цангасан” гэдгийг Франсис яаж мэдэхэв дээ. Гэтэл тэд хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчүүдэд тэр охинтой Христийн тухай огт хуваалцаагүйдээ Франсис үнэхээр харамсжээ. Ингээд хожмын жилүүдэд хэн нэгэнд Эзэний тухай ярих боломж гарахад, тэр тухай ярихгүйгээр өнгөрөх уруу татлагатай тулгарах бүрдээ Франсис өнөөх охиныг санадаг болжээ. Тэгээд тэр охины “Хадагтай Франсис минь, би тантай дандаа хамт байдаг ч болоосой” гэх хуучинсаг хэв маягийн үгс түүний чихэнд дандаа сануулга болж сонсогддог болсон байна.
Хэрэв тэр охин өөр хэн ч Эзэний тухай яриагүйгээр өнгөрсөн бол яах вэ? Тэгвэл тэр охины мөнхийн хувь заяа ямар байх байсан бол? Энэ жишээ бол бидэнд Аврагчийнхаа талаар үнэхээр зоригтойгоор ярих томоохон урам зориг юм.
Анхны Христийн сүм чуулган дахь элч Петр Иохан нар эсэргүүцэлтэй тулгарахдаа Эзэнээс зориг зүрхийг гуйж байсан удаа бий. Тэгэхэд Бурхан тэднийг ашиглан, хатангиршсан гартай хүнийг дөнгөж эдгээгээд байжээ. Харин шашны удирдагчид тэднийг үүнийх нь төлөө гянданд оруулсан юм. Ингээд тэр хоёр шоронгоос суллагдсан даруйдаа итгэгч хүмүүсийг дуудаж уулзаад юу болсон тухай тэдэнд тайлагнажээ. Тэгээд тэд хамтдаа “Одоо Эзэн ... Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч” гэж залбирчээ. (Үйлс 4:29)
Тэгвэл энэ залбирал та бид нарын хувьд сайхан залбирал биш гэж үү? “Эзэн, Таны үгийг ярих зоригийг бидэнд соёрхооч” Энэ залбиралд хэн нэгэн хүний мөнхийн хувь заяаг өөрчлөх гайхамшигтай хүч нуугддаг юм.