БУРХАНД ХАНГАЛТТАЙ ЗАЙ ГАРГАХУЙ

БУРХАНД ХАНГАЛТТАЙ ЗАЙ ГАРГАХУЙ

Мери Саудэрленд нэг зун Пеннсилвани мужид Амиш урсгалын хүмүүсийн орон нутагт айлчилсан талаараа ярьсан юм. Амиш урсгалын хүмүүс бол Христитгэлийн хуучинсаг үзэлтэй бүлэг л дээ. Тэд маш эгэл даруу хувцаслаж, ажил хэргээ тог цахилгаан, машин трактор зэргийн тусламжгүйгээр хийдэг. Тэдний гэр оронд энгийн даруу тавилга байдаг гэдгээрээ тэд олноо танигдсан юм. Мери тэдний маш нарийн нягт эмх цэгц бүхий ертөнцөд өнгөрүүлсэн мөч бүрээ таашаасан тухайгаа бидэнд ярьсан юм.
Амар амгалан өдрүүдийн талаар өөртөө сануулга болгохоор бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хүсээд тэр нөхрийнхөө хамтаар нэгэн нууцлаг жимийг даган алхжээ. Явсаар байгаад нарийн хийцтэй нэг байшингийн хашааны хүрээн дээр “Амиш бэлэг дурсгал” гэсэн нэг цагаан хаяг харагджээ. Тэр байшингийн саравчинд гоёмсог, гар хийцийн зүйлс дүүрэн байжээ. Байшин руу хөтөлсөн чулуун замаар алхаж байхад тэдэнд нэг тийм амар амгалан мэдрэгдсэн байна. Байшингийн үүдэн дээр тэднийг сайхан инээмсэглэсэн эмэгтэй угтаж авчээ.
Байшин дотроо цөөхөн хэдэн тавилгатай, зөвхөн хэрэгцээтэй хэдэн зүйлс тэнд байжээ. Харин гэрийн эзэгтэй амьдралаа “намуухан, төвөггүй, амар тайван, тогтуун” гэх үгсийг ашиглан, дүрслэн ярьжээ. Мери түүнээс яагаад ийм амьдралын хэв маягийг сонгосон тухай асуухад тэр хариулахдаа ийм мэргэн үгсийг хэлжээ: “Миний амьдрал, бас миний зүрх сэтгэл хэтэрхий зав зайгүй болоход тэнд Бурханд зай үлдээгүй байдгийг би олж мэдсэн юм. Тиймээс ингэж амьдрахаар шийдсэн.”
Үнэхээр тунгаан бодууштай санаа байгаа биз! Мери бидэнд анхааруулга болгон “Бурхан бидэнтэй зөвхөн харилцаатай, хамт байхыг хүсдэг. Гэтэл бид сүнслэг байдлаа шашинлаг үйл ажиллагаагаар орлуулах нь маш түгээмэл байдаг” гэж ярьжээ. Дуулал 23-р бүлэгт “Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн” гэж бичсэн байдаг шүү дээ.
Хэрэв бидний амьдрал Бурханыг багтаахааргүй дэндүү зав зайгүй байвал дэндүү зав зайгүй л гэсэн үг. Өөр тайлбар байхгүй. Хэрэв та үүнийг өөрчлөхийг хүсэж байгаа бол Эзэнтэй хамт цагийг өнгөрүүлж эхлээрэй. Тэгвэл таны зүрх сэтгэлд орж ирэх амар тайвныг та мэдрээд гайхах болно. Нэр нь үл мэдэгдэх нэгэн яруу найрагч дараах мөрүүдийг бичжээ. Энэ мөрүүд таны амьдралд урам зориг болох болтугай.
Бид амандаа үглэн бувтнаж
Бид түгшин год үсэрнэ
Бид дүнгэнэн дургүйцэх
Бидний сэтгэл гомдоно
Аливаа юмыг үл ойлгон
Алсын хараа минь магтагдана
Харин Эзэнтэй хамт байх цаг
Хамгаас чухал зүйл байна