ТАНЫ ЭХНЭР ХЭР ИХ ҮНЭ ЦЭНТЭЙ ВЭ?

ТАНЫ ЭХНЭР ХЭР ИХ ҮНЭ ЦЭНТЭЙ ВЭ?

Пастор Рон Мел бидэнд Номхон далай дахь нэгэн арлын ёс заншлын тухай ярьж өгсөн юм. Тэр арал дээр эр хүн гэрлэх эмэгтэйгээ хэрэв олбол ирээдүйн хадам эцэгтээ охиных нь төлөө тодорхой тооны үхэр төлдөг заншилтай байжээ. Хоёр юмуу гурван үхэр өгвөл өөртөө боломжийн дундаж эхнэр худалдаж авдаг байсан байна. Харин дөрөв таван үхрийн үнээр дунджаас дээгүүр сайн эхнэр авдаг байжээ.
Тэгтэл Жонни Линго гэдэг залуу Сарита гэдэг нэртэй, туранхай, нэлээд эгэл охинд дурлажээ. Тэр охин гадуур явахдаа мөрөө хавчин, нуруугаа бөгтийлгөн нүүрээ бууруулдаг байжээ. Гэтэл Жонни Саритатай гэрлэхийн тулд эцэгт нь найман үхэр инжинд нь төлжээ. Хүмүүс найман үхэр өгсөн гэдгийг мэдээд Жонни хүн бүрийн амны бай болсон байна. Бүгд түүнийг хууртагджээ гэж ярьцгаажээ.
Хэсэг хугацааны дараа Жоннигийнд ажил хэрэг ярихаар нэгэн зочин иржээ. Тэр хүн Жоннигийн гэрлэлтийн талаар дам сонссон хүн байсан байна. Гэтэл тэр хүн Саритаг хараад үнэхээр гайхаж хоцорчээ. Сарита түүний сонссон шиг биш, харин түүний урьд өмнө харж байсан эмэгтэйчүүд дотроос хамгийн үзэсгэлэнтэй сайхны тоонд орохоор бүсгүй байжээ. Жонни зочны гайхшсан харцыг анзаараад, Саритаг өрөөнөөс гарсан сиймхийг далимдуулж зочинтой ярилцжээ. Тэр хэлэхдээ “Танаас нэг юм асууя. Нөхөр болох хүн нь өөрийг нь эхнэрээ болгохоор худалдаж авахдаа хамгийн бага үнээр тохиролцож авсан гэдгийг эмэгтэй хүн мэдвэл түүнд ямар мэдрэмж төрдөг болохыг та бодож үзсэн үү? 
Нөгөөтэйгүүр эмэгтэй хүн өөрийнх нь инжинд нөхөр нь хэчнээн ихийг төлснөөр бардамнан онгироход ямар мэдрэмж төрдгийг мэдэх үү? Нэг эмэгтэй ‘Намайг дөрвөн үхрийн үнээр авсан’ гээд, нөгөө нь ‘Тэгвэл намайг таван үхрийн үнээр авсан’, эсвэл ‘Намайг зургаан үхрийн үнээр авсан’ гэхэд хажууд нь нэг юмуу хоёр үхрийн инжинд эхнэр болсон эмэгтэйд ямар санагдах вэ? Ийм зүйл миний Саритад бүү тохиолдоосой гэж би бодсон юм. Би эхнэртээ хайртай байсан. Би түүнийг ямар ч эмэгтэйгээс илүү надад үнэ цэнтэй болохыг өөрт нь болон эргэн тойрны бүх хүнд мэдүүлэхийг л хүссэн” гэж хэлжээ.
Тэгэхээр та магадгүй эхнэрийнхээ инжинд үхэр мал өгөөгүй байх. Гэсэн ч тэр таны хувьд ямар их үнэ цэнтэй болохыг сонсох дуртай нь гарцаагүй юм. Библийн Сургаалт үгс номны 31:10-р эшлэлд “Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй” гэж бичсэн байна. Та эхнэртээ ямар онцгой эмэгтэй гэдгийг нь сарнай цэцгийн баглаа эсвэл амттан чихрээр хэлж болох ч тэр танаас хоёр сэтгэлгүй анхаарал халамжийг л юунаас ч илүү авахыг хүсдэг юм шүү.