ЦАРЦАА ИТГЭЛ

ЦАРЦАА ИТГЭЛ

Израилийн ард түмэн Бурханы өөрсдөд нь амласан нутгийн зааг дээр ирээд зогсож байжээ. Гэвч тэр нутагт нэвтрэн орохоос өмнө тэд уг газрыг шинжлэхээр 12 хүнээс бүрдсэн туршуулын багийг тийшээ илгээсэн.
12 хүн бүгд тэр нутаг сайхан нутаг гэдгийг харсан. Арван хоёулаа Бурханыг энэ нутгийг өгөхөөр амласан болохыг мэдэж байсан юм. Бас 12 хүн бүгд тийшээ орохыг хүсэж байжээ. Гэтэл 40 хоногийн дараа тэр багийнхан санал зөрөлдсөн байдалтайгаар эргэн ирсэн юм. Хоёр туршуул нь “Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая” гэжээ. (Тооллого 13:30) Гэтэл нөгөө арав нь “Тэнд бид Нефилимийг харсан. Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа” гэж хэлжээ. (Тооллого 13:33)
Миний аав нэг үгийг дандаа хэлдэг байсан: “Бурханы ямар ч хүүхэд өөрийгөө царцаатай зүйрлэх учиргүй гэж би боддог. Та бид нар чинь Эзэн Есүс Христийн нандин цусаар золигдсон шүү дээ. Би төлөв даруу занд итгэдэг. Гэвч төлөв даруу байлаа гээд Бурхан чиний төлөө юу хийснийг үл хүндэлж болохгүй. Бид Түүний хүүхдүүд шүү дээ” гэж тэр хэлдэг байжээ.
Арван туршуул нэмж хэлэхдээ “... хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй” гэсэн байна. (Дэд хууль 1:28) Тэд яагаад ингэж бодох болсныг мэдэх үү? Миний аав хэлэхдээ “Учир нь тэд царцаанууд байжээ” гэсэн юм. “Хана хэрмээр хүрээлэгдсэн хотын доор байгаа царцааг та төсөөл дөө. Тэр ханын оройг харахаар харцаа дээш өргөн харж байна. Тэгээд дээшилсээр, дээшилсээр, дээшилсээр, тэнгэрт хүртэл хэзээ ч зогсохгүйгээр авирна. Царцаа тэр хана хэрмийг тэгж л харна. Тийм учраас л тэд айж байжээ.”
Тэгвэл таны нөхцөл байдал ямар байна вэ? Та аварга биетэн болон хана хэрэм бүхий хотуудтай тулгарч байна уу? Та тэр бүхнийг яаж харж байна? Царцааны өнцгөөс харж байна уу? Бурхан тэнгэрээс өнгийн харахдаа яг л өнөөх аварга биетэн ба хана хэрэм бүхий хотуудыг хардаг боловч Түүний давуу байр сууриас тэдгээр нь тийм ч том харагдахгүй. Тэр бидэнд “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдгийг санахад туслах болтугай. (Лук 1:37) Бид царцаа биш, харин Бурханы хүүхдүүд юм. Бидэнтэй тулгарах аливаа зүйлээс илүү агуу том Бурхан бидэнд байдаг юм шүү. Энэ бол хүн бүрийн авч болох хамгийн том урам зориг юм.