ШИНЭ ХАРАНДАА БОЛОН ДЭВТЭР

ШИНЭ ХАРАНДАА БОЛОН ДЭВТЭР

Би хүүхэд байхдаа шив шинэ шар өнгийн харандаа бэлгэнд авах дуртай байлаа. Түүнийгээ маш хурц үзүүртэй болтол үзүүрлээд, шинэ цаасны үнэр ханхалсан дэвтэр бариад шинэ харандаагаараа юм зурж бичиж суух дуртай байсан юм. Урьд өмнө хүний гар огт хүрээгүй шинэхэн харандаа дэвтэр хоёр миний хувьд маш сайхан санагддаг байлаа. Би үүгээр юу бичих ёстой вэ? Би юу зурж болох вэ? Миний хувьд шинэ жил бас тийм, шинэхэн эхлэл юм шиг санагддаг.
Нэг удаа би шинэ жилийн эхэнд би суугаад “Энэ бүтэн жилийн турш би Таны төлөө өөрчлөлтийг өөртөө бий болгомоор байна” гэж залбирч байснаа санаж байна. Үнэхээр маш шулуун шударга залбирал гэж би хувьдаа боддог. Гэтэл жил бүхэн 365 хэсгээс бүрддэг нь асуудалтай. Тэр хэсэг бүхэн нь 24 цаг буюу 1440 минуттай. Би тэр өдөр цагт Бурханы төлөө амьдрахгүй л бол ирэх жилийн 12 сар нүд ирмэхийн зуур болж ямар ч зүйл өөрчлөгдөөгүй байвал харамсалтай юм.
Хүн ер нь бүрэн хэмжээгээр, өөрөөр хэлбэл, насан туршид өдөр бүрийн 24 цагийн турш Бурханы хүсэлд захирагддаг болж чадахгүй л байх. Магадгүй, бодит байдал дээр хоромхон зуур Бурханд дуулгавартай байдаг л байх. Миний хувьд Бурханд бүтэн жилийг зориулахад ямар нэг асуудал байхгүй. Эсвэл тэр үйл хэрэгт бүхэл амьдралаа зориулахаас би дургүйцэхгүй. Гэтэл мөчидхөн зуур болдог зүйлс асуудалтай байдаг. Өөрийнхөө цаг зав, хөрөнгө мөнгө болон эрч хүчээ хэрхэн ашиглах талаар хоромхон зуурын шийдвэрүүд гаргах нь асуудалтай. Би ерөнхийдөө Бурханы хүслийг биелүүлэхийг хүсдэг. Гэхдээ өнөөдөр би ажилдаа явахыг, биеийн дасгал хийх цаг гаргахыг, шинэ хөрштэйгөө цаг өнгөрүүлэхийг, эсвэл яг зөв эрүүл байдлаар хооллохыг хүсэхгүй байна. Ядаж л яг одоо биш! Тэгэхээр таны хувьд хүсэхгүй зүйлсийн өөрийн гэсэн жагсаалтыг бас гаргаад үзээрэй.
Гол асуудал бол “Бурхан намайг яг одоо юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?” гэдэгт байгаа юм. Тэгвэл би тэр зүйлийг хийх хүсэлтэй байна уу? Үгүй юу? гэдэг бол туйлын чухал.
Эзэн минь, өнөөдрөөс эхлэн хором бүрийг Таны хувьд чухал цаг хугацаа гэж тооцоход надад туслаарай. Та намайг цаг мөч бүрт ажиллаасай гэж хүсэж байгаадаа биш. Та өөрийнхөө дагалдагчиддаа “Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар” гэж айлдсаныг би санаж байна. (Марк 6:31) Гэвч надад өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ гэхээс илүүтэй Таны хүсэж байгаа зүйлд илүү санаа тавихад туслаарай. Надад “шинэ харандаа болон шинэхэн дэвтэр”-тэй адилхан шив шинэ эхлэлийг өгч байгаад баярлалаа. Энэ шинэхэн эхлэл хүн бүрт өгөгддөг нь ямар гайхамшигтай урам зориг вэ?