БИ ЧАМАЙГАА ҮНЭХЭЭР ХАЙРЛАН АМЬДАРНА

БИ ЧАМАЙГАА ҮНЭХЭЭР ХАЙРЛАН АМЬДАРНА

Ричард Эйбээнс (Richard Abanes) хурим дээр дуулагдах үнэхээр үзэсгэлэнтэй гоё дуу бичжээ. Дууны бадаг хэсгээс дурдвал:
Би чамайгаа хүндэлж, чамайгаа тайтгаруулж, чамтайгаа мөнхөд хамт
Би чамдаа үнэнч, чамтайгаа ойр байж, чамайгаа хэзээ ч умартахгүй
Би чамтайгаа хамт инээж, хамтдаа бид уйлж
Амьдралын замаар хоёулаа хамт замнана
Би чамайгаа хайрлана, чамайгаа үнэхээр хайрлан амьдарна.
Ямар сүйт бүсгүй нөхөр болох гэж байгаа хүнээсээ ингэж гоёмсог сайхнаар хайраа илэрхийлэхийг сонсохыг хүсэхгүй байх билээ. Үргэлж түүнийг хайрлахыг амлах, үргэлж түүний төлөө байхыг амлаж, амьдралынхаа бүхий л зүйлд хамтдаа байхыг амлах үгийг нь сонсох дургүй эмэгтэй алга. Юү гээч, Бурхан бидний хүн нэг бүртэй яг л ийм харьцаатай байхыг хүсдэг гэж би өөрийн эрхгүй боддог. Бурхан бидэнтэй холбоотой байхыг аливаа зүйлээс илүүгээр харуулахыг хичээдэг. Үгүй бол Бурхан яах гэж Өөрийгөө Ааваа гэж дуудах билээ? Эсвэл бүхий л итгэгч хүмүүсээс бүрддэг Христийн биеийг яах гэж Христийн сүйт бүсгүйгээр дүрсэлдэг билээ?
Библид хэлэхдээ Есүс шавь нараа дуудах үед “Есүс арван хоёрыг томилон ... тэднийг Өөртэйгөө хамт байлгаж” гэсэн. (Марк 3:14) Тэрний дараа тэднийг сайнмэдээ тунхаглуулахаар илгээв. Гэхдээ эхлээд тэднийг Өөртэйгөө хамт байлгахаар дуудав. Ингэж бид Түүнтэй хамт байж Эзэнийгээ мэдэж авдаг.
Библи дэх хоёр хүн болох Енох, Ноа хоёр Бурхантай хамт алхсан гэж хэлэгджээ. (Эхлэл 5:22, 24, Эхлэл 6:9) Тэд Түүнийг маш сайн мэдэж байсанд гайхах зүйл үгүй. Хэрэв бид Бурхантай ярьж, түүнтэй хамт алхах юм бол бид ч гэсэн Түүнтэй улам адил болж өснө. Яг л гэрлэлт шиг сонсогдож байгаа биз дээ. Гэрлэлт дотор хосууд хамтдаа цагийг өнгөрүүлэх тусам илүү ихээр хоорондоо адилхан болдог.
Бас нэг зүйлийг би бодож байна. Миний нөхөр намайг өөрт нь хайртай гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэддэг. Тэгсэн ч өдөр бүр түүнд хайртай гэдгийг надаар хэлүүлэхийг хүсдэг. Бурхан бол түүнтэй адил. Бурханд хандан хайрын дуу дуулбал ямар вэ? Тэр дуундаа та “Би Таныгаа хүндэлж, би Тандаа үнэнч байж, амьдралын замаар хоёулаа хамт замнана. Би Таныгаа хайрлана, Таныгаа үнэхээр хайрлан амьдарна” гэж амлах билээ.