ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХҮЙ

ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХҮЙ

Өөрийгөө хүндлэхүй гэдэг сэдэв бол ойрын хэдэн жилийн турш хамгийн халуухан хэлэлцүүлэг дагуулдаг асуудлуудын нэг байсаар иржээ. Хүмүүст өөртөө илүү итгэлтэй болоход нь туслахаар хэдэн зуун ном бичигджээ. Бизнесийн байгууллагууд ажилчдынхаа өөрийгөө хүндлэх байдалд ахиц дэвшил гаргуулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарцуулжээ. Тэгвэл, өөрийгөө хүндлэхүй гэж яг юу юм бэ?
Миний тодорхойлолт бол маш амархан. Өөрөөсөө: “Би үнэ цэнтэй хүн мөн үү?” гэж асуугаарай. Хэрэв таны хариулт Тийм бол та өөрийгөө хүндэлдэг хүн. Харин таны хариулт Үгүй буюу та энэ дэлхий дээр үнэ цэн маш багатай гэж өөрийгөө үнэхээр үздэг бол таны амьдрал байнгын тэмцэлтэй байх юм. Хэрэв та өөрийнхөө үнэ цэнийн талаар сайн мэдэхгүй бол галзуу хулгана дээр суусан мэт хүн юм. Таны хувьд нэг өдөр өөрийгөө хүндэлдэг, нэг өдөр өөртөө сэтгэл хангалуун бус байдаг гэсэн үг.
Ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө хүндлэх байдлыг дараах гурван зүйлийн нэг хоёр юмуу гурвуулангаас авдаг. Тэд гадаад төрхөөсөө, өөрийнхөө ололт амжилтаасаа, мөн өөрийнхөө харилцаанаас өөрийгөө хүндлэх байдлыг олж авдаг. Жишээлбэл, хэрэв эмэгтэй гоо үзэмж сайтай, докторын зэрэгтэй, бас сайн эхнэр ба сайн ээж бол тэр өөрийгөө үнэхээр хүндэлдэг гэж хүмүүс үздэг. Мэдээж, заавал тийм байх ёсгүйг бид бүгд мэдэх билээ. Гол нь бид бүгдийн хувьд амьдралын энэ талбарууд хэзээ нэгэн цагт өөрчлөгддөгт асуудал оршино. Нас ахих тусам төгс гоолиг биед маань үрчлээ тогтож, арьс маань суларч унжих болдог. Биднээс илүү ажилд гавшгай хүн гарч ирээд бид байр сууриа алдахад хүрэх нь бий. Мөн хамгийн сайхан харилцаа ч гэсэн төгсөх боломжтой юм.
Харин бид өөрийгөө хүндлэх мэдрэмжээ Бурхан бидний талаар юу гэж боддогт тулгуурлавал энэ дүр зураг бүхэлдээ өөрчлөгдөнө. Бурхан биднийг аль хэдийнээ үнэ цэнэтэйд тооцчихсон. Тэр үнэ цэнэ бол Түүний Хүү Есүс Христийн амьдрал юм. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” (Иохан 3:16) Бид Өөртэй нь харилцаатай болохын тулд Бурхан Өөрийнхөө Хүүг загалмайд цовдлуулахыг зөвшөөрчээ. Үүнээс илүүтэй бидний үнэ цэнийг нотлох зүйл гэж байх уу? Миний бодлоор, үүнээс илүү сайн нотолгоо гэж үгүй.
Анд минь, Бурханы таныг дүгнэсэн дүгнэлт хэзээ ч өөрчлөгдөхгүйг санаарай. Өөртөө сэтгэл хангалуун бус санагдах болгондоо зүгээр л “Бурхан миний төлөө Өөрийнхөө Хүүг өгсөн юм. Хэрэв би тийм үнэ цэнтэй юм бол өөр ямар ч зүйл хамаагүй” гэж өөртөө хэлээрэй.